МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Батшугар: Эдийн засгийн өсөлтийг дагаад инфляц нэмэгдэх гээд байдаг, сайтар анхаарах шаардлагатай
2024.01.04
Эдийн засаг, Худалдаа

Э.Батшугар: Эдийн засгийн өсөлтийг дагаад инфляц нэмэгдэх гээд байдаг, сайтар анхаарах шаардлагатай

УИХ-ын гишүүн Э.Батшугартай 2024 оны дэлхийн болон дотоодын эдийн засгийн төлөв байдлын талаар ярилцлаа.

МОНГОЛ УЛСАД ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ХӨДӨЛГҮҮР ОРЖ ИРСЭН НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР

-2023 онд Монгол Улсын эдийн засаг 6.9 хувийн өсөлттэй байсан гэж Засгийн газраас мэдээлж байна. Таны хувьд өнгөрсөн оныг хэрхэн дүгнэсэн бэ?
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг ярихаас өмнө дэлхийн макро трэнд болон өнгөрсөн хугацаанд юу болоод өнгөрснийг товчхон ярих нь зүйтэй. Бид санаж байгаа бол ковидын дараа дэлхий даяар гурван эрсдэл гарсан. Нэгдүгээрт үнийн өсөлт. Ихэнх улсын инфляц хоёр оронтой тоонд хүрсэн. Европ 10 хувь, Америк 9 хувь гэх мэт. Хоёрдугаарт, бүх улсын эдийн засаг уналттай байсан, гуравдугаарт  үнийн өсөлтийн эсрэг дэлхийн улсуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөсөн. 2023 оны эх 2022 оны сүүлээр инфляц тодорхой хэмжээгээр буурч эхэлсэн ч эдийн засаг доод цэгтээ хүрсэн. 2023 оны хоёр дахь хагаст төв банкуудын бодлогын хүү хэвээрээ байсан ч инфляц нам түвшинд орж эхэлснээр эдийн засгийн өсөлт аажмаар сэргэж эхэлсэн. Тухайлбал, АНУ-ын эдийн засаг 4.9 хувиар, Хятадынх мөн 4.9 хувиар өссөн.

Монгол Улсын эдийн засаг 6.9 хувиар өссөнд юу нөлөөлсөн бэ гэхээр нүүрсний экспорт, мөн тээвэр ложистик, үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлсөн. Энэ нөхцөл байдал дэлхий даяар ижил байсан. Ковидын дараа үйлчилгээний салбар эрчимтэй өссөн. Дээрээс нь нэмээд худалдааны салбар өссөн. Харин аж үйлдвэрийн салбар хоцролттой байсан. 2024 онд аж үйлдвэрийн салбарт дэлхий даяар өсөлт гарч, харин тээвэр үйлчилгээ болон худалдааны салбар тогтвортой түвшиндээ орно гэсэн таамаг байгаа. 2023 онд Монгол Улсад эдийн засгийн шинэ хөдөлгүүр орж ирсэн нь аялал жуулчлалын салбар. Анх удаа 600 мянган жуулчин хүлээж авч, нэг тэрбум долларын орлого олсон. Энэ бол маш том давуу тал гэж ойлгож болно.

2024 ОНД МАНАЙ ДНБ 70 ИХ НАЯДААС ДАВАХ БОЛОМЖТОЙ

- 2024 оны эдийн засгийн төлөв ямар харагдаж байна вэ?
Дэлхийн төвбанкууд бодлогын хүүгээ өсгөхөө болиод тогтвортой түвшинд байлгаж эхэлж байна. 2024 оны дөрөвдүгээр улирлаас бодлогын хүүгээ бууруулж эхэлнэ гэсэн төсөөлөл байгаа. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн хувьд өсөлттэй жил болох байх. Манай улсын эдийн засаг 2024 онд 7 орчим хувийн өсөлтөд хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гурван зүйлээс хамаарна гэж бодож байна. Нэгдүгээрт, аж үйлдвэрийн салбар өснө.  60 гаруй сая тонн нүүрс , 1.5 сая тонн нүүрс зэс экспортлох төлөвлөгөөндөө хүрэх боломжтой.

Мөн 1 сая жуулчин авах төлөвлөгөө бараг биелэх байх. Эндээс 1.2-1.5 тэрбум доллар олно. Ингээд харахаар манай дотоодын нийт бүтээгдэхүүн 70 их наядаас давах боломжтой. Гэхдээ мэдээж эрсдэл байгаа. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт буюу инфляцыг онцгой анхаарах хэрэгтэй. Хамгийн сүүлд инфляц 8.6 хувьтай байсан. Үүнд дотоодын хүнсний үнийн өсөлт 48 хувиар нөлөөлж байгаа. Тэгэхээр бид дотоодын нийлүүлэлтийн механизмыг зөв зохицуулж хүнсний үнийн өсөлтийг зөв зарчимд нь оруулах ёстой. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” аян үр дүнгээ өгнө гэж бодож байгаа.

ХЯТАД УЛСЫН НҮҮРСНИЙ ИМПОРТ 2026 ОН ХҮРТЭЛ ӨСӨӨД ТОГТВОРЖИНО

-    Цаашилбал, Хятад улсын эдийн засгийг заавал холбож ярих ёстой болно. Учир нь  манай нийт худалдааны эргэлтийг 90-ээд хувийг дангаараа эзэлдэг. Хятад улсын эдийн засаг 4.4-4.5 хувиар өсөх прогноз харагдаж байгаа. Учир нь төвбанк болон засгийн газраас нь маш их дэмжлэг өгч байгаа. Зөвхөн барилгын салбартаа дангаар нь 440 тэрбум долларын дэмжлэгийг үзүүлэхээр болсон. Нийт эдийн засагтаа 700-аад тэрбум долларын дэмжлэг оруулж байна. Хятад улсын  эдийн засгийн дэмжлэгийн давуу тал нь тодорхой салбаруудаа онцолж хөрөнгө оруулалт хийдэг.  Барууны орнууд бол засгийн газрын бондуудаа худалдаж авдаг буюу мөнгө хэвлэж нийт эдийн засагтаа нийлүүлдэг бол Хятад улс салбар онцолж хөрөнгө оруулалт хийдэг болохоор үнийн өсөлт үүсдэггүй.  

-    Нүүрсний импорт нь ямар байх талаар олон улсын төлөв болон судлаачдын дүгнэлтийг харахад  тус улсын коксжсон нүүрсний импорт жил бүр 3 хувиар өсөж байгаад 2026 онд дээд цэгтээ хүрээд тогтворжихоор байна.  Энэ түүхий эдийн хамгийн хямд эх үүсвэр нь Монгол Улс. Ялангуяа өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ экспортонд гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүндээ татвар тавьж эхэлсэнтэй холбоотойгоор түүхэндээ хамгийн өндөр буюу 7.9 сая тонн нүүрс манайхаас импортолсон. Цаашид нүүрсний үнэ болон эрэлт мөн өндөр байхаар харагдаж байгаа. Коксжсон нүүрсний үндсэн хэрэглээ бол ган хайлуулах үйлдвэр байдаг. Нэг тонн ган баяжуулахад ойролцоогоор 700 кг коксжсон нүүрс ашигладаг. Өнөөдөр коксжсон нүүрсээс илүү хямд ган хайлуулах технологи байхгүй байна. Хятад улсын дотоодын хэрэглээнээс гадна гангийн экспорт нь 2023 онд 43 хувиар нэмэгдсэн. Тэгэхээр манай коксжсон нүүрсний хэрэглээ байсаар байна. Хятад улс дунджаар 4.3 тэрбум тонн нүүрс жилдээ ашигладаг. Энэ бол манай Тавантолгойн нийт ашигтай нөөц гэж ойлгож болно.

ИНФЛЯЦЫГ ТОГТВОРТОЙ БАРЬЖ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРГЭХ ЁСТОЙ

- 2024 оны төсвийг батлахдаа та бүхэн нэлээн өөдрөгөөр төсөөлсөн. Таны ярианаас эдийн засаг өсөлттэй байх нь. Энэ өсөлт айл өрх, аж ахуй нэгжүүдэд хэрхэн мэдрэгдэх вэ?
Хамгийн чухал зүйл нь эдийн засаг өсөж байгаа үед үнийн өсөлтийг тодорхой түвшинд барихгүй бол дагаад өсчих гээд байдаг. Үнийн өсөлт бол өрхийн орлогыг шууд иддэг зүйл шүү дээ. Эдийн засаг өсөж байгаа энэ үед инфляцыг тогтвортой түвшинд барьж чадвал аж ахуй нэгж болон иргэн бүрийн бодит орлогыг нэмэгдүүлнэ. Энэ талаар задалж ярихгүй бол их өргөн сэдэв болно л доо. 2024 онд боомтын сэргэлтийн хүрээнд дахин 60 гаруй сая тонн нүүрс экспортолж чадвал их хэмжээний гадаад валютын орлого орж, долларын ханшийг тогтворжуулж, төгрөгийн ханшийг чангатгах суурь нөхцөл үүснэ. Энэ бол айл өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх хүчин зүйлүүдийн нэг болно.

- Та түрүүнд зэсийн экспорт нэмэгдэх боломжтой гэсэн. Ярилцлагын төгсгөлд энэ талаар асууя гэж бодлоо?
- Зэсийн үнэ 8000 ам.доллараас давах таамаг байна. Гол нөхцөл нь цахилгаан машин. Нэг энгийн машин үйлдвэрлэхэд 20 кг зэс ашигладаг бол цахилгаан машин үйлдвэрлэхэд дунджаар 90кг зэс ашигладаг. Нийт шинээр зарагдаж байгаа машины тоонд цахилгаан машин 2023 оны байдлаар 12 хувийг эзэлсэн байна. 2024 онд 20 хувь руу очно гэсэн төсөөлөл байгаа. Хятад улс энэ салбарт ганцаараа давамгайлж байна. Нийт зарагдсан машиных нь 26 хувь цахилгаан машин байсан. Энэ байдал үргэлжлэх нь тодорхой.

Мөн сэргээгдэх эрчим хүч ногоон эдийн засгийн гол трэнд болж байна. Сэргээгдэх эрчим хүч өөрөө маш их зэс хэрэглэдэг. Энэ мэтчилэн хүчин зүйлүүдээс харахад зэсийн эрэлт хэрэгцээ болон үнэ буурахгүй өснө гэсэн таамаглалтай байгаа.

ШИНЭ МЭДЭЭ