МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.11.03
Барилга, Хот байгуулалт

Ц.Сандаг-Очир: Улаанбаатар хотын дэд бүтцийг хэрхэн сайжруулах вэ?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

Улаанбаатар хотын 9 дүүргээс 2030, 2040 он хүртэлх хотын ерөнхий төлөвлөгөөтэй дүүрэг хэд нь байна вэ. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй явж байна уу. Ерөнхий төлөвлөгөөгөө хийж батлуулсан дүүрэг байна уу. Ерөнхий төлөвлөгөөгөө дүгнэж үзсэн үү. 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж байгаа юм байна. Ерөнхий төлөвлөгөө гэдэг нь тооцоо судалгаа, цаг зав хөрөнгө хүч гаргаж хийгддэг ажил. Харамсалтай нь ерөнхий төлөвлөгөө нь хуульчлагдаж болон мөрдөгдөж чаддаггүй. Үе үеийн хотын дарга нар ерөнхий төлөвлөгөөгөө барьж ажиллаагүйгээс Улаанбаатар хотын эмх замбараагүй байдал бий болсон. Цаашдаа Ерөнхий төлөвлөгөөнийхөө гүйцэтгэлийг хангаж чадахгүй байвал тус хуульд хариуцлагыг ямар байдлаар оруулав. Энэ бол өргөн утга агуулгатай асуудал шүү. Ерөнхий төлөвлөгөөг хийх гэж маш их хөрөнгө мөнгө гаргадаг. Амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүй. Цаасан дээрх хоосон зүйл болоод л үлддэг.

Улаанбаатар хотын 180 мянган айл өрхийг орон сууцжуулахад Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс эхлүүлэх юм байна. Сайн байна. УБ хотын хүн амын төвлөрлийн хамгийн чухал хэсэг нь дэд бүтэц юм. Инженерийн шугам сүлжээ, эрчим хүчний хүрэлцээ хангамж чинь одоо ямар байгаа болон цаашид ямар хэмжээнд очих юм. Өнөөдрийн ТЭЦ2,3,4, Амгалан ДЦС чинь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж чадаж байгаа юм уу. Цаашдаа орон сууцжуулах бодлого явах юм бол дэд бүтцийн хангамжаа хэрхэн тооцоолж байна. Алслагдсан гурван дүүргийг орон сууцжуулах бодлогын хүрээнд 2040 болоод өнөөдрийн өргөн баригдаж байгаа хуулийн төсөлд хэрхэн явж байна. Үүн дээр хариулт өгнө үү.

Түүний асуултад, Нийслэл хотын засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ