МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АН: Ерөнхий сайд хариуцлагаа хүлээ
2021.09.23
Эдийн засаг, Худалдаа

АН: Ерөнхий сайд хариуцлагаа хүлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан нам хамтран мэдээлэл хийв. Энэ үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт дараах шаардлагыг тавьж буйгаа мэдэгдлээ.

Үүнд:

  • УИХ-ын даргад, Монгол Улс ковидын улмаас нас барсан иргэдийн тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж, намрын ид ажлын үеэр шатахууны хомсдолд орж, 12-13 аймагт малын шүлхий өвчин тархаад байна. Нөхцөл байдал ийм хүнд үед УИХ ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах ёстой,
  • Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлагаа хүлээ. Илүү чадвартай хүнээр улс орныг удирдуулах ёстой. Засгийн газартаа хариуцлага тооцож чаддахгүй бол УИХ өөрөө тарах ёстой.
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мөн зөвлөмж хүргүүлэв.
  • Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Одоо боллоо” нэртэй эсэргүүцлийн цуглааныг аравдугаар сарын 1-нд талбай дээр зохион байгуулахыг нийт иргэддээ уриаллаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Монгол Улсын эдийн засаг хасах руу орж, аж ахуйн нэгж байгууллагууд хаалгаа барьж эхэллээ. Улмаар шатахууны хомсдолд орж нийгмийн асуудал хурцдаж эхэллээ. Бусад улс орон Covid-19 халдварын эрсдэлээ тооцон эдийн засгаа аваад явж байна. Хятад гэхэд эдийн засаг нь хоёр оронтой тооны өсөлт үзүүлж, эдийн засгийн идэвхжил өдрөөс өдөрт өссөөр байна. Ийм байдлаар улс орноо авч явахад өнөөдрийн эрх баригчдад эрх мэдэл нь лав дутаагүй. Улсын Их хурал Засгийн газарт бүх эрх мэдлийг өгөөд хоёр жил болж байна. Covid-19-ийн хууль нэрийдлээр хүний нөөцийн томилгооноос эхлээд төсвийн мөнгийг дураараа захиран зарцуулах бүхий л эрх мэдэл нь тэдэнд байна. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй.

Төр засаг гэж байдаг бол ирээдүйн тухай биш юм аа гэхэд маргаашийн тухай төлөвлөж удирдах ёстой. Харин өнөөдрийн эрх барьж байгаа нам зөвхөн өнөөдрөөр л Монгол Улсыг удирдаж байна. Улс төрийн ашиг, хонжоо олох, сонгууль бүрт ямар аргаар ялалт байгуулах вэ гэдгээс өөр юм бодоогүй учраас өнөөдрийн энэ байдалд хүрлээ. Шатахууны асуудал нь зөвхөн шатахуун бус олон зүйлсийн илрэл. Цаана нь үүнтэй адил тэсрэхэд бэлэн олон асуудал бий. Энэ нь зөвхөн өнөөдрөөр л харж удирдсаны гай юм. Бид ард иргэдтэйгээ хамт тэмцэл өрнүүлэхэд бэлэн байна.

ШИНЭ МЭДЭЭ