С.Бямбацогт нарын таван гишүүн “Бүсийн нэмэгдэл” олгох хууль санаачлав
2009.06.18
Орон нутгийн хөгжил

С.Бямбацогт нарын таван гишүүн “Бүсийн нэмэгдэл” олгох хууль санаачлав

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Тлейхан нар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах, Нийгмийн  даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар "Бүсийн болон говийн нэмэгдэл олгох" эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл санаачилснаа танилцууллаа.
Дээрх хуулиудад алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийг төрийн албан хаагчдын нэмэгдэлд нэмж тусгах, мөн алслагдсан болон говийн бүс нутагт амьдарч буй өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчид өндөр насны тэтгэврийн 10 хувиар бодож нэмэгдэл олгох тухай заалтуудыг оруулахаар хууль санаачлагчид төсөлдөө тусгасан байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хууль санаачлах болсон шалтгаанаа тайлбарлахдаа, сүүлийн жилүүдэд хүн амын хот суурин газар руу шилжих үйл явц ихсэж, хот орчмын бүсэд хэт төвлөрөл бий болж байгаа, мөн түүнчлэн нийслэлээс алслагдсан болон говийн бүс нутагт амьжиргааны өртөг өндөр, дэд бүтэц муу хөгжсөн, иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгаа зэргийг харгалзан Монгол Улсын Их Хурлаас баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” болон “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох асуудлыг авч хэрэгжүүлэхээр тусгасныг үндэслэл болгож Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хамтран санаачилсан нь асуудлыг өнөөгийн нөхцөл байдалд цогцоор нь биш ч гэсэн шийдэх эхлэлийг нь тавьж буй анхны алхам юм гэлээ.

Тэрбээр цааш нь, манай улсын хувьд алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох практик 1971 оны үеэс эхтэй байдаг. Сайд нарын зөвлөлийн тогтоолоор говийн бүсийн мал аж ахуйн үйлдвэрлэлд хүүхдийнхээ хамт зохион байгуулалттай шилжин суурьшигчдад эхний гурван жил дараалан 10 хувь, мөн 1972 онд Халхголд байгуулах сангийн аж ахуй, түүнийг түшиглэсэн байгууллагын ажилчин, албан хаагчид, малчдад 1976 оныг дуустал үндсэн цалин дээр нь 10 хувийн зэрэг нэмэгдлүүд олгодог байсан. Мөн түүнчлэн 1982 оны Сайд нарын зөвлөлийн 48 дугаар тогтоолоор говийн болон түүнтэй ойролцоо байгаль цаг уурын нөхцөлд ажилладаг дээд, тусгай дунд боловсролтой ажилтан, албан хаагчдад сар бүр 10 болон 15 хувийн нэмэгдэл олгож байсан байна.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Ахмад насны нийгмийн хамгааллын тухай болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудад, нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийслэлд ирж эмчлүүлэх нэг талын зардлыг олгохоор тусгасан байдаг. Мөн хилийн застав, хилийн боомтод ажиллаж буй хилийн болон гаалийн албан хаагчдад хилийн нэмэгдэл олгох зохицуулалтыг Хилийн тухай хууль, Гаалийн улсын байцаагчид нэмэгдэл олгох тухай журамд тусгасан байдаг. Гадаад орнуудад ч бүсийн нэмэгдэл олгож ирсэн олон жилийн туршлага байдаг хэмээн жишээ татан ярьж байв.

Төрийн ордны Е танхимд болсон уг хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцож, хуулийн төслийн талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Сэтгүүлчид хуулийн төслийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр байгаа эсэх, цалин авдаггүй малчид үүнд хэрхэн хамрагдах талаар сонирхон асуусан бөгөөд гишүүд уг асуултад, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил учир хэрэгжүүлэх үндэслэлтэй, мөн жил бүрийн төсөвт малчдыг дэмжих 20 тэрбум төгрөг тусгагдсан нь энэ боломжийг бүрдүүлнэ. Хуулийг 2010 оноос эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй учир төсөв хэлэлцэхэд зардлыг нэмж оруулах боломжтой хэмээн тайлбарлав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт сэтгүүлчдэд “Улсын хэмжээнд ядуурлын түвшин 45 хувь байдаг. Гэтэл алслагдсан Ховд, Баян-Өлгий аймгуудад энэ тоо 47-49 байна. Төвөөс алслагдах тусам амьжиргааны өртөг 1,5-2,5 дахин нэмэгддэг. Ховд руу нисэхэд 750,000 төгрөг, Бээжин рүү нисэхэд нэг талдаа 350,00 төгрөг төлж байна” хэмээн баримт дурдан ярьсан юм. Мөн нийслэлд болон дээрх аймгуудад гурилын үнэ хэрхэн хэлбэлздэгийг бодит тоогоор тайлбарласан нь анхаарал татаж байв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Баярсайхан, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, А.Тлейхан нарын хамтран санаачилсан уг хуулийн төсөл нь төвлөрлийг сааруулах, хөдөөнөөс хот руу нүүж буй их нүүдлийг багасгах, алслагдмал бүс нутгийн иргэдийн амьжиргааны баталгаажих түвшинг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой аж. Алслагдмал болон говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд ийнхүү иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах хуулийн төсөл санаачилснаар цаашид бүх нийтэд хүртээмжтэй хэрэгжүүлэх төрийн бодлогын эхлэлийг тавьж чадлаа.

ШИНЭ МЭДЭЭ