Ховдчууд ”Алтан арслан”-гийн эзлээ тодруулна
2009.12.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ховдчууд ”Алтан арслан”-гийн эзлээ тодруулна

Ховд аймгийн сүлд тэмдэг болох "Алтан арслан"-гийн эзэд удахгүй тодрох гэж байна. Ховд нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй салбар салбартаа манлайлагч улс төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмен, оюутан залуучууд, хамт олон "Алтан арслан-2009" шагналын эзэд болно.


Ховд нутгийн оны шилдгийг тодруулах "Алтан арслан" наадмыг 2007 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр анх зохион байгуулан нутгийн ахан дүүс, нутгаа гэсэн чин хүсэл тэмүүлэл бүхий Ховд нутгийн оюутан залуус, бизнес, улс төрийн салбарын төлөөлөл болсон 300 гаруй иргэн тэрхүү арга хэмжээнд оролцож байжээ.

Энэхүү наадмыг нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа шилдгүүдээ тодруулахын зэрэгцээ элэг нэгт ахан дүүсийнхээ эе эвийг бэхжүүлэх, цаашид Ховд нутгийнхаа төдийгүй эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах их зорилгод нэгдэх үүднээс хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар Нутгийн зөвлөл тогтсон аж.

2008, 2009 оныг Ховдчууд ажлын өндөр амжилт бүтээлээр үдэж байгаа. Ховд нутгаас Монгол Улсын Ерөнхийлөгч, МонголУлсын Их Хурлын дарга, Монгол банкны ерөнхийлөгч гээд төрийн эрх барих дээд байгууллагын өндөр албан тушаалтнууд төрөн гарч нутаг усныхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа билээ. Бизнес, урлаг соёлын салбарынхан ч өндөр амжилтаар 2010 оноо угтаж байгаа юм байна.


Шилдгүүдийг 12 номинациар шалгаруулах бөгөөд оны шилдэг улстөрч, оны шилдэг нийгмийн зүтгэлтэн, оны шилдэг бизнесмен, оны шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага хамт олон, оны шилдэг салбар нутгийн зөвлөл "Алтан арслан"-г гардах нь.

Түүнчлэн оны шилдэг оюутан соёл, урлаг, спортын салбар, шинжлэх ухааны салбараас тус бүр тодрох юм байна. Оны шилдэг залууг урлаг, спортын салбар, бизнесийн болоод улс төрийн салбар тус бүрээс шалгаруулах аж.

ШИНЭ МЭДЭЭ