Түүхий эдийн үнийг өсгөж малчдын орлогыг сайжруулна
2009.04.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Түүхий эдийн үнийг өсгөж малчдын орлогыг сайжруулна

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, С.Бямбацогт, А.Тлейхан, Ц.Цэнгэл, Д.Дондог нар “Малын түүхий эдийн талаар авах арга хэмжээний тухай” санал боловсруулан Засгийн газарт уламжилсан байна.


УИХ-ын чуулганы завсарлагаар гишүүд орон нутагт ажиллах үед малчдын зүгээс тэдэнд хандсан олон хүсэлт ирж байсны нэг нь малын түүхий эдийн үнэ унаснаас орлого нь хомсдож, банкны өрөнд орох болсон тухай байлаа. Эдийн засгийн хямралтай байгаа үед түүхий эдийн үнийг өсгөх мөн арьс шир, ноолуурын экспортыг түр хугацаанд чөлөөтэй байлгах арга хэмжээ авч өгөхийг малчид УИХ-ын гишүүдээс хүссэн байна. Иймд дээрх нэр бүхий гишүүд малчдын орлогыг сайжруулах хүрээнд дараах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаагаа Ерөнхий сайдад хүргүүлсэн саналд дурджээ.

Үүнд Санхүү, эдийн засгийн сайд, Үйлдвэр худалдааны сайдын 2003 оны хамтарсан 64, 125 тоот тушаалыг хүчингүй болгож, арьс шир ноолуурыг 2009 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал түр хугацаагаар анхан шатны MNS60:2001 стандартаар боловсруулсан хэлбэрээр Монгол Улсын хилээр экспортлох зөвшөөрөл олгох. Ингэснээр одоо 5000 төгрөгөөр зарагдаж буй үхрийн ширний үнэ 20000 төгрөг болж өсөх бүрэн бололцоотой гэсэн тооцоог адууны ширний одоогийн үнэ болон зах зээлийн өмнө байсан хандлагад түшиглэн хийжээ. Мөн УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөнд мал аж ахуйн гаралтай түүхий эд болох ноос, ноолуур, арьс шир, махны экспорт болон үнийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой заалтууд туссаныг цаг алдалгүй хэрэгжүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй хэмээжээ.

ШИНЭ МЭДЭЭ