МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.27
Улстөр

О.Цогтгэрэл: Таны гарт халамж аваад ажил хийхгүй амьдарч болдог улс, ард түмэн ирж байна шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

"Л.Оюун-Эрдэнэ сайд Ерөнхий сайд болоод Монголын түүхэнд хэр зэрэг ерөнхий сайд байх вэ гэдэг хүлээлт байна. Таны өмнө 2 тулгамдсан асуудал бий.

1. У.Хүрэлсүх сайдаас үлдэж байгаа өв.

2. Ерөнхий сайдаар ажиллах таны хүсэл зоригийн асуудал гарах байх.

Хүрэлсүх сайдаас танд ямар өв үлдэж байна вэ? МАН 2 сонгууль дараалан олонхи боллоо. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүх сайдын Засгийн газарт Боловсрол, эрүүл мэнд% эрчим хүч, төрийн алба, уул уурхай, засаглал гээд асар олон нийгмийн хүлээлт байсан. Эднээс алийг нь ч барьж аваагүй. Зөвхөн эрүүл мэндийн салбарын эхний жижиг асуудал гарч ирэхэд ажлаа өгөөд явж байна. Нөгөө талаасаа өнөөдөр Монгол Улс ямар байдалтай байна вэ? Өнгөрсөн 30 жилийн үр дүнд ажил хийхгүй амьдарч болдог улсыг бий болгосон. Тэтгэмж аваад амьдарч болдог монгол улс таны гарт ирж байна. Халамжийн буюу социалист тогтолцоо, одонгийн мөнгө авдаг үед ч ажилгүй амьдарч болдог байсан шиг өнөө үед ч ажил хийхгүй амьдарч болдог халамжийн тогтолцоотой Монгол улс, Шинэчлэл хийх шаардлагатай улс гэсэн 2 хайч танд байна. Намаа бодож нэгийг, улсаа бодож нөгөөг нь сонгох байх. Ийм өндөр эрх мэдэлтэй Ерөнхий сайд болж байгаагийн хувьд улсаа бодож олон асуудалд шинэчлэл хийгээсэй гэж хүсэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд үг зүйн хувьд ч нэг асуудал байгаа мэт боддог. Ерөнхий сайд гэдэг үг нь Prime minister буюу хэтэрхий асуудлыг ерөнхийлөөд явчихдаг. Тиймээс таныг гол ажил руугаа төвлөрөөд, үндсэн 3 ажлаа хэлээд тоогоор тодорхойлж хэлж өгнө үү?"

Түүний асуултанд Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ