УИХ: Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
2020.12.31
Улстөр

УИХ: Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.21) нэгдсэн хуралдаан  Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоох тухай” 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийсэн бөгөөд хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцааж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Хууль зүйн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Авлигатай тэмцэх газрын даргад тавигдах шаардлага, түүнийг улируулан томилох асуудлаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх асуудлаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг С.Бямбацогт гишүүн танилцууллаа.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 49 гишүүн батлах нь зүйтэй хэмээн дэмжснээр, дээрх хууль батлагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ