МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эрүүл мэнд

О.Цогтгэрэл: Ковидын үед хүндрэлд өртөж байгаа салбараа тодорхойлж түүнд чиглэсэн ажил хийх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асуулаа:

Цар тахал биднээс шалгалт авч байна. Бидэнд урьдчилан сэргийлэх нөөц байгаагүй. Энэ бүхэн дан ганц УОК хийж байгаа асуудал биш. Засгийн газар бэлэн бус байгаатай холбоотой асуудал юм.

Бид томоороо харах боломжгүй бол асуудлаа жижиглэж харах шаардлага байна. Жижиглэж гэдэг нь шийдэж болох асуудал нь юу вэ? Илүү их эсвэл бага цар тахалд өртөж байгаа салбар аль вэ гэдгийг шийдэх хэрэгтэй.  Яагаад гэхээр бидний авч байгаа арга хэмжээ өнгөрсөн хугацаанд онц шаардлагатай үгүйгээс хамаараад бүх хүүхдэд 100.000-ыг өгнө, эсвэл бүх айл өрх, бизнесийн байгууллагын эрчим хүчийг хэмнэнэ. Ердөөсөө хавтгайруулсан, ажиллагаа шаардахгүй ийм бодлогууд гаргаад байна. 

Миний хэлэх санал, асуулт бол бид ялгаатай бодлого явуулахын тулд тооцоо судалгаа байх ёстой. Жишээ нь хүнсний үйлдвэрүүд хэвийн ажиллаж байна. Банкууд хадгаламж, зээлийнхээ хүүг аваад ажиллаж байна. Төрийн байгууллагын ажилтнууд 100 хувь цалингаа авч байна. Хөдөө аж ахуйн салбар харьцангуй гайгүй байгаа.

Мэдээллүүдийн технологийн байгууллагууд илүү их дата зарж байгааг үзвэл яг хүн дээр өртөж байгаа салбар аль вэ гэдэг дээр илүү тодорхойлж, түүн рүүгээ чиглэж ажиллахгүй бол асуудлыг томоор тавьчихаад бүгдийг нь шийднэ эсвэл бидэнд мөнгө байхгүй. Аль эсвэл үүний дараа орж ирэх гэж байгаа 20-30 тэрбумээр түрээс хөнгөлнө, алданги татвар хойшлуулна гэсэн арга хэмжээ гэхэд хэцүү. Тэгэхээр ийм зүйл хийх тооцоо, судалгаа бидэнд байна уу? Ялгаатай бодлого явуулахын тулд энэ салбаруудад, тэр тусмаа нэгдсэн Засгийн газар дээр салбар хоорондын баланс гээд маш том тоонууд байх ёстой.

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Бидний өнгөрсөн хугацаанд авч байгаа арга хэмжээ бол ихэнх нь хүн ялгалгүй авч байгаа юм. Нийтэд зориулж авч хэрэглэж байгаа. Үр дүнгээ өгч байгаа арга хэмжээнүүд гэж бид үзэж байна. Эдийн засагт үзүүлж байгаа сөрөг үр нөлөөг тооцож үзээд ОУ-ын банк санхүүгийн байгууллагууд үндэслэхдээ Монгол Улсад авч байгаа арга хэмжээнүүд зөв зүйтэй байна гэж томъёолж байгаа. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нэмэлт тодруулга хийлээ:

Та асуултыг яг эсрэгээр нь ойлголоо. Хавтгайруулж биш ялгаатай авч үзэх, байгаа жаахан нөөцөө хэрэгтэй хүмүүс, чиглэл, бодлогуудаар нь авах ёстой гэж хэлсэн юм. Энэ удаагийн хямрал бол эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн гаралтай мөн богино хугацааны санхүүгийн гаралтай гурван хүчин зүйл зэрэг давхцсан өөр өөр онцлог, сигмент бүхэнд өөр өөрөөр нөлөөлж байхад хавтгайруулсан хууль арга хэмжээ авчихлаа. Хүүхдийн мөнгө, цахилгаан эрчим хүч гээд.

Энэ нь салбар салбартаа эрэлт, нийлүүлэлт, санхүүг тусгайлан дэм болж очихгүй байна. Хэтэрхий хавтгайруулсан, амар нэг төрлийн магадгүй улстөрийн ач холбогдолтой нийтийг хамарсан арга хэмжээ аваад байгаа чинь багахан нөөцөө зарцуулахад буруу, өгөөжгүй, оновчгүй байгаа юм биш үү гэж эсрэгээр нь асууж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ