ХЗБХ: УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авлаа
2020.12.22
Улстөр

ХЗБХ: УИХ дахь АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.22) хуралдаан 09 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ.

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр танилцуулав.

Улсын Их Хурлын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нар ажилласан байна.

Ажлын хэсэг 6 удаа олон нийтийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүхийн төлөөлөл болсон 150 гаруй шүүгч оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлтэй холбоотой саналуудыг авчээ. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээр холбогдох судалгаануудыг хийлгэхийн зэрэгцээ бие даасан, хараат бус судлаачид, мэргэжилтнүүд, эрдэмтэдээр шаардлагатай судалгаа, шинжилгээг хийлгэсэн байна.

Ажлын дэд хэсэг сүүлийн нэг сарын хугацаанд 21 удаа хуралдсан бөгөөд ажлын хэсэг 90-ээс дээш хувийн ирцтэйгээр 8 удаа хуралдаж, санал дүгнэлтээ боловсруулжээ. Зарчмын зөрүүтэй 75 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.

Ажлын хэсэг Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг хатуу чанд баримтлан төслийг холбогдох хэлэлцүүлгүүдэд бэлтгэх зарчмы баримтлан ажилласан гэв. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа судалгаа шинжилгээ, олон улсын дэвшилтэт чиг хандлагыг нутагшуулах, одоо тогтсон буруу практикыг засах, сайжруулах, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах замаар шударга ёсны үйл явцыг биежүүлэх зарчмыг баримтлан ажилласан байна.

Ажлын хэсгийн танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн засварлага авах горимын саналаа хэлж, холбогдох үндэслэлээ танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно” хэмээн заасан байдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулаад, гурав хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

ШИНЭ МЭДЭЭ