Орон нутаг бие даан хөгжих орлогын эх үүсвэртэй байх боломжийг нээнэ
2020.12.17
Орон нутгийн хөгжил

Орон нутаг бие даан хөгжих орлогын эх үүсвэртэй байх боломжийг нээнэ

Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бол "Бага Үндсэн хууль" буюу нутгийн удирдлага, зохион байгуулалтын суурь болсон хууль юм. Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр хийлээ. 

Уг хуулийн төсөлд хийгдсэн томоохон шинэчлэл нь баг, сум, хороо, дүүргүүдэд эдийн засгийн эрх мэдэл өгч, бие даан хөгжих боломжийг нээн өгч байгаа явдал юм. 

Ихэнх орон нутаг улсын төсвөөс хараат байдлаар амьдардаг. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот болон 5 аймаг л улсын төсвөөс татаас авалгүй бие даан төсвөө бүрдүүлж байна. Орон нутаг бие даан хөгжих боломжийг нэмэгдүүлэхийн тулд сум, дүүргийн татварын орлогоос гадна газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, хүн амын орлогын албан татварыг нэмж олгох, мөн аймаг, нийслэлд аж ахуй нэгжийн орлогын албан татварын 40%-ыг шилжүүлэн өгөхөөр уг хуулийн төсөлд тусгажээ. Ийм байдлаар орон нутагт тогтвортой орлогын эх үүсвэрийг шилжүүлснээр улсын төсвөөс өгдөг татаас зогсож, энэ орлогыг бүрдүүлэхийн тулд  бизнесийн идэвхжлийг дэмжих сонирхол орон нутагт бий болох давуу талтай хэмээн хууль боловсруулагчид үзэж байна. 

Мөн уг хуулийн төсөлд орон нутагт улстөржилтийг таслан зогсоох, ах дүү нарыг талцуулахгүй байхын тулд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд улс төрийн намаас нэр дэвшүүлэхгүй гэж хатуу заалт оруулсныг бага зэрэг зөөлрүүлэн тусгасан болохыг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэллээ.

Учир нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу улстөрийн нам эвсэл үндэсний хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллана гэж заасан байдаг. Энэ нь шууд утгаараа аймаг, нийслэлээс дээш түвшинд ажиллахыг шаардаж байгаа хэрэг юм. 

Иймээс уг хуулийн төсөлд сумын иргэдийн хуралд улс төрийн нам нэр дэвшүүлж болох боловч гарч ирсэн нам эвсэл нь бүлэг байгуулж ажиллахгүй гэж хуулийн төсөлд тусгажээ.

Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг дагалдан 300 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орох юм.

ШИНЭ МЭДЭЭ