СХД-ийн нөхөн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явагдах уу?
2020.12.09
Улстөр

СХД-ийн нөхөн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явагдах уу?

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” болон түүнийг дагалдан орж ирж буй "техник хэрэгсэл хэрэглэх тухай", "зардлын хэмжээг батлах тухай”  төслүүдийг хэлэлцлээ. 

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъябазар гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Улаанбаатар хотын дарга буюу захирагчаар томилогдсон билээ. Тэрээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөөд 46 хонож байгаа бөгөөд хуулиар  нөхөн сонгуулийн 50 хоногийн дотор товлох ёстой. Тиймээс тус тогтоолын төслийн энэ 7 хоногт батлах хуулийн шаардлага үүсэж байгаа юм.



Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны гишүүд хоёр хэсэгт хуваагдсан юм. УИХ-ын зарим гишүүд 28-р тойргийн нөхөн сонгуулийн Ерөнхийлөгчийн сонгуулиас тусад нь явуулах зөв гэсэн бол нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Төсөл санаачлагчид дээрх хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах нь санхүү төсөв, цаг хугацаа болоод техник тоног төхөөрөмжийн хувьд бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. 

Харин тусад нь явуулах саналтай байгаа гишүүдийн хувьд,  Сонгинохайрхан дүүрэг улсын нийт сонгогчдын 13-14 хувийг эзэлдэг, том тойрог учраас Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүний сонгууль бие биедээ нөлөөлнө. Тиймээс сонгуулийн дараа маргаан, будилаан үүсэх магадлалтай гэж үзэж байгаа юм:  

Учир нь өмнө нь Монгол улсад Ерөнхийлөгчийн сонгуультай хамт өөр сонгууль явагдаж байсан практик байхгүй байгаа юм. 

Гишүүдийн байр суурийг харвал

Хоёр сонгуулийг ХАМТ явуулах нь зүйтэй

Хоёр сонгуулийг ТУСДАА явуулах нь зүйтэй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

28-р тойргийн сонгуулийг тусад нь явуулбал 1 тэрбум төгрөг, харин Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгавал 100 гаруй сая төгрөг л зарцуулна. Тиймээс хамт явуулах нь үр ашигтай. Бид татвар төлөгчдийнхөө мөнгийн үргүй зардлагдуулах эрх байхгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

Зардал, цаг хугацаа, технологийг тооцож үзээд хамт явуулах боломжтой гэж байнгы н хороо үзсэн байна. Харин СЕХ боломжгүй мэт байр суурь илэрхийлж байна. Тиймээс сонгуулийн дараа маргаан, будилаан дагуулахгүй тулд сайтар хэлэлцэж, нэгдсэн дүгнэлтэд хүрч төслийг батлах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

СЕХ хамт зохион байгуулахгүй гэж "Амандаа бувтнаад" байгаа юм шиг харагдаад байна. Хамтад нь зохион байгуулах нь техникийн хувьд боломжтой шүү дээ. Бид  сонгуулийн энэ машинаар орон нутгийн сонгуулийн зохион байгуулсан. 

СЕХ-ын дарга П.Дэлгэрнаран

Шилжилт хөдөлгөөн хийх хугацаа, сурталчилгаа явуулах хугацаа, нэрсийн жагсаалт хүргүүлэх хугацаа гэх мэт хоёр сонгуулийн хуулиар зөрөх зүйл бий. Мөн СХД-ийн 28-р хороо дээр  өөр саналын хуудас байх учраас програмчлал өөр болно. Энэ нилээд хүндрэл бэрхшээл авчрахаар байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

СХД бол нийт сонгогчдын бараг 14 хувийг эзэлдэг. Тиймээс аль аль сонгуульдаа шууд нөлөөлөх боломжтой. Хамтад нь зохион байгуулах нь зардал хэмнэнэ гэж ярьж байна. Гол нь сонгууль будилаангуй, шударга болох ёстой. Тэр байтугайд тэрбум төгрөг зарцуулдаг биздээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүн "Хуулийн хугацаа нь тулж байгаа учир энэ тогтоолын төслийг дэмжээд, батлаад явъя. Ирэх нэгдүгээр сард бид Ерөнхийлөгчийн сонгуулийг товлох тухай асуудлыг хэлэлцэх үеэр энэ асуулыг дахин авч үзэх боломжтой" гэсэн юм. 

Ингээд  санал хураалт явуулахад гишүүдийн 78.6 хувь нь "УИХ-ын сонгуулийн 28-р тойрийн нөхөн сонгуулийг Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулна" хэмээн дэмжсэн юм. 

Тус асуудлыг маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, эцэслэн батална. 


УИХ-ын сонгуулийн 28-р тойрог нь нийт 110.853 сонгогчтой.Д.Сумъяабазар гишүүн санал өгсөн сонгогчдын 44.9 хувь буюу 36.785 сонгогчийн саналаар сонгогдсон юм. 

ШИНЭ МЭДЭЭ