Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хурал боллоо
2020.12.09
Улстөр

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хурал боллоо

Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр захирамжаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, Л.Энх-Амгалан, О.Цогтгэрэл, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн зөвлөх О.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Уг ажлын хэсгийн гишүүд өчигдөр цахимаар хуралдаж, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн уялдааг хангах аргачлалын асуудлаар Засгийн газрын гишүүдэд мэдээлэл өгч, санал солилцов.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “…Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна…” гэж заасны дагуу Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталсан билээ.

Ингэснээр Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг хангаж боловсруулан батлах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой. Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулахад тавих шаардлага, зарчмыг сайжруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан бодлого батлах таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

Энэ хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг баталсан.

Манай улсын ихэнх бодлогын баримт бичиг хоорондоо уялдаагүй, зорилго болон зорилтоор шалгуур үзүүлэлтийг тодорхойлоогүйгээс арга хэмжээний хэрэгжилтээр зорилгын хэрэгжилтийг дүгнэж байна. Энэ нь зорилгыг шалгуур үзүүлэлтээр хэмжихгүй, хийсвэрээр дүгнэх сөрөг үр дагаврыг бий болгосноор ирсэн. Иймд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газартай хамтран хөгжлийн бодлого төлөвлөлтийн уялдаа хамаарлын загварчлалыг гарган ажиллаж байна.

Ингэхдээ урт хугацааны бодлогын баримт бичгийн зорилт нь дунд хугацааны бодлогын зорилго болох; дунд хугацааны бодлогын баримт бичгийн зорилт нь богино, дунд хугацааны бодлого, төлөвлөлтийн зорилго болох хэлбэрээр боловсруулж байгаа. Бодлогын баримт бичиг нь зорилго, зорилт, арга хэмжээтэй ба тэдгээр нь тус бүр шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшинтэй байна. Шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа тухайн заалтад /зорилго, зорилт/ туссан агуулга, үгийн үнэ цэнийг тооцон үзэж, хэдэн шалгуур үзүүлэлт байхыг тогтооно. Шалгуур үзүүлэлтээс хамаарч арга хэмжээ төлөвлөгдөнө. Түүнчлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилт, арга хэмжээг уялдаа, холбоо хамаарлаар кодолдог байхаар боловсруулж байгаа талаар Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Засгийн газрын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл хөгжлийн бодлогын баримт бичгийн ажил хэрэг болгоход хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдэх шаардлагатайг хэллээ. Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогыг уялдуулан нэгтгэж, ач холбогдлоор нь эрэмбэлж ажиллах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлэв.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.4.1.-д “хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, салбар, салбар хоорондын болон бүс болон орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах;”, мөн 9.4.3-т “макро эдийн засгийн бодлого болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг салбар хооронд шууд удирдан зохион байгуулах бөгөөд улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх асуудлаар зөвшөөрөл өгөх;” чиг үүргийг Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцахаар тусгасан.

Энэ хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг гаргаж, холбогдох байгууллагуудад чиглэл өгч ажиллаж байгааг ЗГХЭГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Зохихсүрэн хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ