2020.12.08
Улстөр
С.Бямбацогт: Нийгмийг соён гэгээрүүлэхтэй холбоотой зорилтын хүрээнд хуулийн санал санаачилга дутмаг байна
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.08/хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийн талаар хэлэлцлээ.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуулаа:
Хөгжлийн бодлого тогтвортой байна гэж Үндсэн хуулиндаа бид нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулиндаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж Монгол төрийн урт, дунд, богино хугацааны бүх бодлогын бичигүүд нийцэж байх ёстой гэж орсон. Энэ хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль батлаад, урт хугацааны хөгжлийн бодлогоо батлаад Монгол Улсыг хөгжүүлэх ЗГ-ын таван жилийн үндсэн хөгжлийн чиглэл 2020-2024 онд Монгол Улсын ЗГ-ын хөтөлбөрөөр батлагдсан. Батлагдсан бодлогын бичиг баримтууд дээр тусгагдсан зорилтууд маань хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд орж ирээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулинд Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна. Батлагдсан бодлогын бичиг баримтууд хоорондоо уялдах ёстой. Урт хугацаа нь дунд хугацаатайгаа, дунд хугацаа нь богино хугацаатайгаа уялдах ёстой гэж заагаад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиа батлаад байхад, Хууль тогтоомжийн тухай хуулийн боловсронгуй болгох үндсэн чиглэлд энэ бодлого орж ирээгүй байна. Энд 18 дэд хуулийг хэрэгжүүлэхийг заасан байна. Гэтэл Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хулгайлагдсан эсвэл хууль бусаар экспортлогдсон Соёлын эд зүйлсийн тухай Юнедрогийн конвенцийг соёрхон батлах, Соёлын биет бус өвийг хамгаалах тухай гэсэн хоёрхон хуулийн төслийн эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж орж ирж байгаа юм. Гэтэл том бодлого яаж хэрэгжүүлэх нь заагдаагүй. Гэтэл цаана чинь нийгмийг соён гэгээрүүлэх чиглэл чинь МҮОНРТ-ийн үндсэн чиглэлийг өөрчлөх шаардлагатай байна. Өргөн нэвтрүүлгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Гэх мэтчилэн Монгол Улсыг хөгжүүлэх ЗГ-ын таван жилийн үндсэн хөгжлийн чиглэлдээ ЗГ-ийн үйл ажиллагааны хөтөлбөртөө маш том бодлого дэвшүүлчихдэг түүний хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчноо сайжруулж, нийцүүлэх ёстой. Энэ ажилд бодлогын уялдаа холбоо алдагдаад байна. Үүнийг яагаад анхаараагүй вэ?
Түүний асуултанд Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатар хариуллаа.
Яамууд руу таны хэлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцүүлж, хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох чиглэлд тусгах хууль тогтоомжийн саналаа өгөөрэй гэдэг бичигүүд явсан. Ер нь бол өнгөрсөн 2019 онд орсон МУ-ын Үндсэн хуулийн хүрээнд Хөгжлийн бодлого төлөвлөлт гэдэг нь бүх юмны урьд манлайд нь явах ёстой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийнхөө хуультэй нийцүүлж байж ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн чиглэл бусад бодлогын бичиг баримт гарч байх ёстой гэсэн зарчим явж байгаа.