2020.12.04
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Тогтоол дээр яагаад вакциний асуудлыг оруулж ирсэнгүй вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.25/ хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

УИХ-ын төсөв хуулийнхаа хүрээнд батлагдчихлаа. Хуулинд Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг хүлээж авсан бол төсөв задраад дахиад төсвийн асуудлыг задалж ярих байсан. Хориг хүлээж аваагүй учраас төсөв дагасан тогтоол батлах гэж байна. Одоо төсөв батлагдахаар төсөв дээр үндэслээд аймаг, нийслэл, сум дүүргүүд өөрсдийн жилийн төсвийг батална. Үүнийг батлаад явахдаа мэдээж төсвийг дагасан тогтоолд илүү анхаарах ёстой. Тодорхой өөрчлөлтүүд орж ирж байгаа. Төсвөө бид баталж чадаагүй байсан бол төрийн албан хаагч цалин авахаас авахуулаад, хүүхдийн мөнгө олгож чадахгүй байх эрсдэлтэй байдлууд үүсэхээр байсан.

Дагаж гарч байгаа тогтоол дээр хоёр, гурван сайн заалтууд орсон байна. Үүнийг шат шатандаа анхаарах ёстой шүү. Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх тавих хяналтыг эрс чангатгая. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх төсвийн зардалыг бууруулах, үр ашгийг дээшлүүлэх тал дээр бүх чадлаа дайчлан ажиллах ёстойг бүх салбарын төсвийн захирагч нарт анхааруулж байгаа.

Мөн нийгмийн халамжийн хамрах хүрээг оновчтой болгох, төрийн зүгээс тусламж дэмжлэг зайлшгүй зорилтод бүлэгт чиглүүлэх. Олон төрлийн хөтөлбөрийн арга хэмжээнүүдийг нэгтгэх. Зарим үйлчилгээг төрийн бусад салбарт шилжүүлэх. Энэ чиглэлээр халамжийн тогтолцоог  оновчтой боловсронгуй болгоход томоохон ажлууд хийх ёстой. 

Саяны ярьж байгаа асуудал дээр Эрдэнэт дээр алтан ширээ авдаг гээд ярьдаг, сая саяын үнэтэй архи дарс авдаг гээд ярьдаг. Тийм төсвийн үрэлгэн зардал байгаа бол түүнийгээ хэмнэх ёстой. Түүнийг хэмнээд хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийнхээ гадар жорлонг дотор жорлон болгох хэрэгтэй. 

Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбогдуулаад хоригийн гол заалтанд вакциний асуудлыг шийдсэнгүй. Үүнтэй холбоотой заалт төсөв дагасан тогтоолдоо оруулаад ирсэн бол их хэрэгтэй байсан биш үү? Энэ талаар Төсвийн байнгын хороо хариулж өгнө үү? Дахиад төсөв цар тахалтай тэмцэх, вакциний мөнгө суусангүй гээд шүүмжлэл болох вий. Тэгвэл ямар байдлаар шийдэх бололцоо байгаа талаар байнгын хороо дээр юу гэж яригдсан тухай Төсвийн байнгын хороон дарга хариулж өгнө үү? Ойлголтуудаа нэгтгэхгүй бол хий нэг нэгнээ шүүмжилж, хардсан, хийрхсэн улс төр яваад байдаг. Энэ бол бололцоотой зайлшгүй суулгах ёстой гэдгийг бүгд ойлгож байгаа. Гэхдээ тогтоол дээр яагаад оруулж ирсэнгүй вэ? Ковид-19, төсөв дагасан улс төртөө цэг тавьж урагшаа харъя. 

Түүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан хариуллаа.

Байнгын хорооны гишүүдтэй үүнийг бид ярилцсан. Шаардлагагүй юм байна гэж үзсэн. Төсвөө бид эргээд сайн үзсэн. Тэнд вакцинтай холбоотой, вакцин худалдаж авах хөрөнгө мөнгө систем багтсан байсан. Нэгэнт төсөв хууль болоод хэрэгжээд явна. Тэнд туссан юмаа энэ тогтоол дээр дурьдахаар эргээд төсөвт тусгасан вакцины асуудлаа үгүйсгээд тэнд байхгүй байгаа юмаа нөхөж оруулж ирж байгаа юм шиг болох эрсдэлтэй учраас, вакцины асуудлыг төсөв дотор нь багтаагаад хууль хэрэгжүүлээд явъя гэсэн байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ