С.Бямбацогт: Шүүхийн хуулиар ҮАБЗ-өөр шүүгчдийг түдгэлзүүлдэг байдлыг засна
2020.11.11
Хүний эрх

С.Бямбацогт: Шүүхийн хуулиар ҮАБЗ-өөр шүүгчдийг түдгэлзүүлдэг байдлыг засна

Эх сурвалж: Зууны мэдээ сонин  Сэтгүүлч: С.Уянга

Парламентаар Шүүхийн багц хуулийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Өнгөрсөн хугацаанд парламентад шүүхийн талаар гурван ч хуулийн төсөл өргөн барилаа.Ялангуяа, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг яагаад буцаахаар болов?

-Улсын Их Хурал төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага. Парламент шийдвэр гаргахдаа цөөнхөө хүндэтгэдэг хэдий ч олонхийн саналаа л дагадаг. Өнөөдөр УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай  багц хуулийг буцаах нь зүйтэй гэж үзсэн. Яагаад гэхээр Шүүхийн тухай хуулийн төслийг Засгийн газраас бас өргөн барьчихаад байгаа. Нэг асуудлаар хоёр хууль өргөн барьсан тохиолдолд Дэгийн тухай хуулиар  хууль санаачлагчид концепцийн хувьд нэгдэж буй бол хамтатгаж, нэгдээгүй тохиолдолд аль нэгийг нь буцаадаг. Тэр л зарчмаар асуудалд хандаж байгаа хэрэг байх. Гэхдээ яг буцаах эсэх асуудлыг энэ  хоногт байнгын хороо, нэгдсэн чуулганаар эцэслэнэ.

-Зарим гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилж, анхан, дунд шатны шүүхийн шүүгчийг дундаасаа сонгож томилох ёстой гэж үзэж байгаа. Хуульд хэрхэн тусгаж байгаа вэ?

- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүх засаглалыг улс төр, бизнесийн явцуу бүлгийн ашиг сонирхлоос ангид болгож, шударга ёсыг тогтоож, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг сэргээх заалт оруулсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно гэж зааж өгсөн. Нэгэнт Үндсэн хуулинд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаагаар ажиллах, Зөвлөлийн даргаа гишүүд нь дотроосоо сонгох талаар хуульчилчихсан учраас Шүүхийн багц хуулийн төсөл энэ хүрээнд л батлагдах ёстой. Шүүх, шүүгч хараат бус байна гээд Үндсэн хуулиараа хуульчилсан хэрнээ яаж ийж байгаад л улс төрөөс, улстөрчдөөс хараат болгодог, шүүх дээр захиалгат шийдвэр гаргадаг ужиг байдлыг бүрэн засах нь зөв. Монгол Улсад байгаа 500 гаруй шүүгч анхан, дунд, дээд шатных гэдгээсээ үл хамааран хэн хэнээсээ хараат бус байх ёстой. Шүүгчдийн дунд хийсэн судалгаагаар тэдний хараат бус байдалд нэг талаас улс төр, нөгөө талаас шүүгчид өөрсдөө нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарсан байна билээ. Ийм байж хэрхэвч болохгүй. 

-Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор яригдаж байгаа хамгийн чухал өөрчлөлт бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчдийг түдгэлзүүлдэг байж болохгүй гэдэг асуудал. Энэ өөрчлөлтийг хэрхэн тусгаж байгаа вэ?

-Зөвлөмж бол зөвлөмж. Үндсэн хуулиас давсан ямар ч зөвлөмж байх учиргүй. Хэрэв хонгил гэж байгаа юм бол хуучныг нь нураасан хэрнээ шинийг бариад байж болохгүй  биз дээ. Шүүхийн тухай багц хуулиар зөвлөмжөөр шүүгчдийг түдгэлзүүлдэг болсон явдлыг засна. 

-Одоогийн хэлэлцэж байгаа Шүүхийн тухай хуульд зарчмын ямар гол өөрчлөлтүүд орж байна вэ. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг томилох, шүүгчийг чөлөөлөхөд ямар зарчим баримтлах вэ?

-Би дахиад хэлье. Өнгөрсөн онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах эрхтэй Шүүхийн сахилгын хороог байгуулахаар зааж өгсөн. Шүүгч аль нэг эрх мэдэлтэнд биш, ямар нэг байгууллагад биш гагцхүү хуульд л захирагдах ёстой. Харин захирагдах ёстой тэр хуулиасаа гажсан бол түүнд хатуу хариуцлага тооцох, огцруулах механизм байгаа шүү гэдгийг Шүүхийн тухай багц хуульдаа хийж өгөх хэрэгтэй байгаа юм. 

-Гэтэл ҮАБЗ-ийн гишүүд шүүгчдийг чөлөөлдөг эрх мэдлээ авч үлдэх гэж байна гэх хардлага бий. Энэ янзаар явбал шүүгчдийн хараат бус байдалд нөлөөлж шинэ хонгил үүсгэнэ гэдгийг гишүүд хэлж байсан. Үнэхээр өөрчлөгдөж батлагдаж чадах болов уу?

-Бид өнгөрсөн 20 жилийн турш ярьж хэлэлцэж байж өнгөрсөн онд чухам яах гэж Үндсэн хуулиа өөрчилсөн юм бэ гэдгийг бодох асуудал. Засаглал, эрх мэдлийн харилцан хяналт-тэнцэлийг л хангах гэж хийсэн өөрчлөлт шүү дээ. Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид агсаны хэлсэн нэг үг бий. “Зөв хууль гаргадаг - Улсын Их Хурал, сайн гүйцэтгэдэг - Засгийн газар, шударгаар хамгаалдаг - Шүүх байж сая хууль биелнэ” гэж. Тэгэхээр хуулийг шударгаар хамгаалдаг шүүхтэй байх, шударга бусын хонгил гэж буй бол түүний түлхүүрийг дараагийн хүнд шилжүүлэх биш харин эрх зүйн шинэтгэлээр бүрмөсөн нураах асуудал  өнөөдөр хамгийн чухал нь.

-Шүүгчдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр түдгэлзүүлэхийг МАН өнгөрсөн жил өөрсдөө баталсан хэрнээ өнөөдөр буцаах гэж байна. Анх яагаад энэ өөрчлөлтийг оруулсан юм бэ? 

-Нэгдүгээрт, улс төрийн нам хууль баталлаа гэж ярих нь огт буруу. Хууль тогтоох эрх мэдэл Монгол Улсад гагцүү Улсын Их Хуралд л хадгалагдаж байгаа шүү дээ. Хоёрдугаарт, өчигдөрийн нөхцөл байдал өнөөдрийн зөвтгөл биш. Алдаатай шийдвэр гаргасан бол түүнийгээ засаж чаддаг чадамж монгол төрд байх ёстой. Энэ бол хуулийн засаглалыг тогтоох дархлаа юм.

-ШЕЗ-ийн дарга шүүхийн төсөв зургаан жил тэг байлаа. Цалин мөнгө, байрнаас эхлээд эдийн засаг маш хүнд байгаа гэсэн. Энэ талаар хуульд тусч байгаа юу?

-Зургаан жилийн өмнө шүүгчдийн цалинг хамгийн өндөр болгож нэмэгдүүлсэн. Энэ нь мэдээж шүүгчдийн ажиллах урам зоригийг нэмж, нийгмийн баталгааг хангасан гэдэгтэй би маргахгүй. Гэхдээ нөгөө талаар цалин хангамж нь нэмэгдсэнээр шүүх, шүүгчид бүрэн дүүрэн шударга болж чадсан уу гэсэн бас нэг асуулт урган гарч ирж байна. Шударга ёсны манаа байж үнэхээр чадаж байгаа юу гэдэгт иргэд олон нийт дүн тавьж байгаа. Өнөөдөр цар тахлаас болоод эдийн засаг амаргүй хүнд байна. Багш, эмч, цэрэг цагдаагаас авахуулаад бүх л салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэхийг хүсэж хүлээж байгаа. Тэгэхээр шүүхийн, шүүгчийн хараат бус байдлыг дан ганц нийгмийн баталгаа талаас нь биш хуулийн орчин, ёс зүй, хариуцлагын зарчим талаас нь хангах цаг болжээ гэж дүгнэж байна. Өнөөдөр манай улсад шүүх, прокурорын барилга байшин барихаас илүү эмнэлэг сургууль хэрэгтэй байна. Гэхдээ мэдээж хэрэг шүүгчийн нийгмийн хамгааллын асуудлыг ор тас орхигдуулж болохгүй.  

-Шүүхийн хуулийн шинэчлэлээр Ж.Эрдэнэбат, С.Баярцогт гэдэг ч юмуу ял авсан гишүүдийн хэрэг дээр эргэж харах боломж гарах уу?

-Шүүхийн багц хуулийн шинэчлэл тухайлсан  нэг хэрэг маргаанд зориулагдаагүй гэдгийг хэлэх байна. Таны асуултад хариулахад тухайн асуудлыг шүүх үнэн зөв шийдсэн үү, аль эсхүл хуулиар тогтоосон хүрээ хязгаарыг давж хүний эрхийг зөрчсөн үү гэдгийг цаг хугацаа харуулна. Надад бусдаас илүү мэдээлэл байхгүй учраас үүнээс илүүг хэлж чадахгүй.

-Хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд өөрчлөлт орж байгаа юу?

-Өнгөрсөн онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 29-р зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гээд заагаад өгчихсөн. Гэхдээ гишүүний халдашгүй байдлын асуудлыг тал талаас нь харж, асуудалд тун няхуур нямбай хандах ёстой. УИХ-ын гишүүн гэдэг ганц хувь хүн биш төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч шүү дээ. Өөрөөр хэлбэл нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаалж, төлөөлөх чиг үүрэг хүлээж сонгогдсон хүн. Гэтэл ард түмэн сонгочихоод байхад тангараг өргөхөөс нь өмнө, бүрэн эрх нь хэрэгжиж эхлэхээс нь урьтаж шалтгаантай шалтгаангүй барьж хорих асуудал гаарвал яах вэ. Гишүүний халдашгүй байдал гэдэг гэмт хэрэг хийсэн хүний нуугдах бамбай байх ёсгүй, бас халдашгүй байдлаас нь хагацааж байгаад ард түмний элч төлөөлөл болж сонгогдсон хүмүүсийг улс төрийн захиалгаар хэлмэгдүүлдэг хонгил үүсгэж бүр ч болохгүй. 

-Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг яагаад буцаачихав.  Магадгүй хуулиа баталчихаад шүүгчийн томилгоог оруулж ирэх гэж байгаа юм уу?

-Яг зөв. Үүн дээр тайлбар хийе. Манай Хуульзүйн байнгын хороо Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс оруулж ирсэн хоёр нэр дэвшигчийн нэгийг нь оруулж ирээд нөгөөг нь хууль зөрчөөд үлдээчихсэн юм шиг яриад байгаа юм. Тийм юм байхгүй. С.Бямбацогт хуулийн шаардлага хангахгүй хүнийг хүчээр дэмжээд оруулчих гээд зүтгээд дэмжээд байсан юм шиг мушгиж гуйвуулсан. Байнгын хороо болон миний хувьд яг л өнөөдөр байгаа хуулиа барьж ажилласан. Монгол Улсын Үндсэн хуулийн 51-р зүйлд “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар...Ерөнхийлөгч томилно...” гэж заасан. Тавигдах шаардлагын тухайд “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилж болно...” гээд заачихсан. Энэ шалгуур шаардлагыг хангасан гээд Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс хоёр нэр дэвшигчийг оруулж ирсэн. Танилцуулга сонсох явцад нэг нэр дэвшигчийнх нь өмгөөлөгчөөр ажилласан жил нь тодорхойгүй байсан учраас гишүүд үүнийг тодорхой болгоё гээд эхний хуралдаан дээр хойшлуулсан. Ингэхдээ Голомт банкинд ажиллаж байсан хүн Голомтын төлөөний шүүгч болохоор орж ирлээ гэдэг асуудал ярьсан. Үүнтэй холбоотойгоор хурлыг хойшлуулсан, холбогдох нэмэлт материалуудыг ирүүлсэний дараа дахин хуралдсан.  Тэгээд хэлэлцэх дэгийн дагуу нэр дэвшигчдийг нэг нэгээр нь хэлэлцсэн. Цогт шүүгчийг дэмжсэн. Хоёр дахь нэр дэвшигчийн тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд дахиад Үндсэн хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тавьсан шаардлагыг нэр дэвшигч хангахгүй байна гэж үзэж хуралдааныг орхин гарсан. Тийм учраас танилцуулгыг сонсох боломж бүрдээгүй. Миний хувьд шүүгчид нэр дэвшигчийг ялгаварлан гадуурхсан, аль эсхүл хууль зөрчөөд зүтгүүлээд байсан зүйл огт байхгүй. Хуулиа л барьж ажилласан гэдгийг хэлчихье. Шүүгч болох шалгуур босго нь үнэхээр тэгж намдаад байгаа юм бол, зарим шаардлагыг нь чангатгах хэрэгцээ байна гэж үзэж буй бол Шүүхийн тухай хуулиндаа л хийж өгөх хэрэгтэй.  

ШИНЭ МЭДЭЭ