Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө
2020.11.11
Хууль, эрх зүй

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14.00 цагт ирц бүрдсэнээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Цэц дүгнэлтдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс … эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арванзургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. … “ гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

Дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, асуултад Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хариулт өгөв.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ