МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг томилж, чөлөөлөв
2020.11.06
Хүний эрх

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг томилж, чөлөөлөв

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.  Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат Ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажилласан.

Байнгын хороо энэ сарын 03-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийн тайланг сонсож, Байнгын хорооны гишүүд ажлын хэсэг болон нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэн нэр дэвшигчдийг дэмжжээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль шинэчлэгдсэнээр тус Комиссын гишүүний гурван орон тоог тав болгож нэмэгдүүлсний зэрэгцээ Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн нэг гишүүн байхаар хуульчилжээ. Мөн ХЭҮК-ын таван гишүүний жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах үүднээс нийт гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар заасан байна.

Энэ үндсэн дээр Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат ахалж, гишүүнээр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Хүний эрхийн форумын төлөөлөл, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар ажиллажээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт “Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг байгуулж, 15 хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулна. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Хүний эрхийн Үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмыг баталжээ.

Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг 7 үе шаттай зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтад 24 иргэн нэр дэвших хүсэлтээ ирүүлснээс хууль, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан 19 хүнийг Ажлын хэсгийн шийдвэрээр бүртгэн, нэрсийг parliament.mn цахим хуудаст байршуулж олон нийтэд мэдээлжээ. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг 2020 оны 06 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. Томилгооны цахим сонсголд 31 иргэн ажиглагчаар, 55 иргэн оролцогчоор бүртгүүлж, нэр дэвшигчдээс асуулт асуух эрхтэйгээр оролцжээ.

Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх хуулийн заалтын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд Д.Сүнжид, Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг нэр дэвшүүлж, байнгын хороонд танилцуулсан байна. Харин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад 4 хүн нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонгон шалгаруулалтад ороогүй нэг нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтаас хасаж, үлдсэн 3 нэр дэвшигчийн дунд сонгон шалгаруулалт явуулсан боловч Ажлын хэсгийн гишүүдээс олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Хууль зүйн байнгын хороонд танилцуулах боломжгүй болсон байна. 

Байнгын хорооны дарга С.Бямбацогт үргэлжлүүлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчдийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Ингээд   нэр дэвшигч тус бүрээр нь хэлэлцэв.

Байнгын хорооны санал, дүгнэлт, нэр дэвшигчдийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Одонтуяа, Б.Баярсайхан, Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Б.Жаргалмаа, Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан, Н.Энхболд, С.Чинзориг, М.Оюунчимэг, Н.Ганибал нар Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдал хэр байгаа, комиссын гишүүнээр томилогдвол хүний эрхийн баталгааг хангах, хамгаалах чиглэлээр юу хийхээр төлөвлөж байгаа талаар нэр дэвшигчдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Мөн гишүүдийн зарим асуултад Байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгсөн юм. Улсын Их Хурал анх удаа томилгооны сонсгол явуулах замаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчдийг хараат бусаар, ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулалт явуулж Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цааш цаашдын томилгооны асуудалд жишиг болохуйц чухал алхам юм гэдгийг Байнгын хорооны дарга онцлов.

Асуулт асууж үг хэлсэн гишүүд Монгол Улсад хүний эрхийн баталгаа, эрхийн хамгаалалтын асуудлууд цаасан дээр хангалттай байна, харамсалтай нь бодит амьдрал дээр хүний эрх зөрчигдөх явдал хот, хөдөөгүй, нийгмийн амьдралын салбар бүрд байсаар байна. Энэ үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулж өгсөн. Шинэ хуулийн дагуу шинэ албанд томилогдохоор нэр дэвшин орж ирж байгаа та бүхнээс хүний эрхийн асуудлын хувь заяа ихээхэн шалтгаалах учраас зоримог, эрч хүчтэй, санаачилгатай ажиллах хэрэгтэй гэдгийг нэр дэвшигчдэд захиж байв.

Ингээд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад нэр дэвшигч Д.Сүнжид, Г.Нарантуяа нар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.0 хувийн, нэр дэвшигч Б.Энхболд 67.5 хувийн, нэр дэвшигч Х.Мөнхзул 60.0 хувийн, нэр дэвшигч Ж.Хунан 57.5 хувийн санал авч, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилогдов. 

Нэр дэвшигч Дугарын Сүнжид 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсөж, 1998-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Мөн 2000-2002 онд ХБНГУ-ын Максимилианы Их сургуулийн Хууль зүйн факультетэд олон улсын харьцуулсан эрх зүйн магистр /LL.M/ зэрэг хамгаалсан бол 2006-2009 онд ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуулийн Хууль зүйн факультетэд нийтийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн ухааны докторын /Dr.jur/ зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаач, 2003-2012 онд Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2015-2017 онд ЕТГ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж иржээ. 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа аж.

Хүрэлбаатарын Мөнхзул 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2004-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр, 2015-2016 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент мэргэжлээр, 2016-2017 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистраар төгсчээ. 1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Тамгын газарт нарийн бичгийн дарга, 1998-2009 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хуулийн зөвлөх, Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч, 2009-2015 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референт, Сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллажээ. 2015 оноос одоог хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст Олон улсын гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референтээр ажиллаж байна.

Батзэвэгийн Энхболд 2003-2007 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгсөж,  2007-2009 онд Цагдаагийн академид хууль зүйн магистр, 2016 онд БНСУ-ын Кёонгги Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2002-2003 онд Ховд аймгийн Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт хэв журмын цагдаа, 2007-2011 онд Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны сургалтын төвд багш, 2011-2013 онд Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, 2013-2016 онд БНСУ-ын Кёонгги Их сургуульд Гэмт явдал судлалын төвийн ахлах судлаач, 2016-2017 онд Хууль сахиулахын Их сургуульд цагдаагийн судлалын төвийн эрхлэгч, 2017-2019 онд Хууль сахиулахын их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр ажилласан байна. 2019 оноос Дотоод хэргийн их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа аж.

Ганбатын Нарантуяа 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999-2002 онд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн. 2008-2009 онд Мельбурны Их сургуульд хууль зүйн магистр, 2012-2017 онд Австралийн Үндэсний Их сургуульд олон улсын нийтийн эрх зүй, хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар докторын зэрэг хамгаалжээ. 2002-2003 онд Либерал эмэгтэйчүүдийн оюуны санд хөтөлбөрийн зохицуулагч, 2003-2004 онд Газрын тосны Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 2004-2012 онд Хүний эрхийн Үндэсний Комисст референт, ахлах референт, ажлын албаны дарга, 2012-2017 онд Австралийн Үндэсний Их сургуульд докторант судлаачаар, 2016 оноос хараат бус шинжээчээр ажиллаж байна.

Жаргалсайханы Хунан 1999-2003 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны Их сургуульд Төр, эрх зүйн ухааны бакалавр, 2003-2006 онд мөн Их сургуульд Төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтнээр, 2007-2011 онд НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч, 2011-2013 онд НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагч, 2013-2016 онд Партнерс Форевер ХХК-ийн хуульч, 2016-2017 онд Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь төслийн зөвлөх, 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж иржээ

ШИНЭ МЭДЭЭ