2020.11.05
Эдийн засаг, Худалдаа

Б.Бямбацогт: Бодлогоо ажил хэрэг болгох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 УИХ-ын гишүүн Б.Бямбацогт:

Цар тахлаас үүдсэн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгаа идэвхжүүлэх төсвийн бодлого хэрэгжүүлэх гэсэн чухал заалт орж ирсэн байна. Энэ заалтаа амьдрал дээр хэрэгжүүлэхэд мөнгө, төсвийн бодлогоо уялдуулж, яаж ажил хэрэг болгох гэж байна вэ? Манай эдийн засаг уул уурхай дээр тулгуурладаг. Энэ бол нөхөн сэргээгдэхгүй. Мөн малын гаралтай бүтээгдэхүүн түүхийгээр гардаг.Үүнд яаж нэмүү өртөг шингээж, хагас боловсруулах вэ? гэдэг дээр манай улсын бодлого хэрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой зорилт тусгасан. Дархан уул аймагт 10 сая малын гаралтай түүхий эд боловсруулж, аж үйлдвэрийн цогцолбор байгуулъя. Баруун бүсэд Ховд аймагт үйлдвэр байгуулъя гэсэн бодлого гарсан. Энэ ажил хэрэг болж чадвал олон хүн ажилтай, орлоготой болно.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хариулт өглөө.

Энэ заалтад Монголбанкныхан дуртай биш байгаа. Их хурал, байнгын хорооноос Монголбанкинд болоод, Засгийн газарт  өгч байгаа даалгавар. Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж ажиллах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолыг тодорхой заалт болгож оруулах хэрэгтэй гэж санал хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ