МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХЗБХ-ны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа
2020.10.29
Улстөр

ХЗБХ-ны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өнөөдрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа.

Нэр дэвшигч Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймагт төрсөн. 45 настай, ам бүл 2. 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2006-2007 онд АНУ-ын хууль зүйн Вилламетте их сургуульд хууль зүйн ухааны магистр, 2014-2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны доктор цол тус тус хамгаалсан. Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны 09 дүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байгаа гэв. Нэр дэвшигч Ц.Цогт нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхий мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авсан байна.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Сүхдоржийн Батхүлэг нь 1978 онд Ховд аймагт төрсөн, 42 настай, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1986-1996 онд Сэлэнгэ аймгийн 4 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1997-2002 онд ОХУ-ын Кубанийн Их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. 2012-2013 онд Австрали улсын Квисландийн төв их сургуульд менежментээр мастер, 2005 онд ОХУ-ын Краснодар хотын Их сургуульд Хууль зүйн ухааны доктор цол тус тус хамгаалсан. 2002-2005 онд Мандваа ХХК төслийн менежер, 2006.01-2006.03 сард Улс төрийн боловсролын академид судлаач багш, 2006-2011сард Голомт банк ХХК-ийн Хуулийн хэлтэст хуульч, Хуулийн хэлтсийн захиралаар, 2013-2015 сард Голомт банкны Удирдлагын ажлын албаны зөвлөхөөр, 2015 сараас одоог хүртэл Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх ХХН-д хуульч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Нэр дэвшигч С.Батхүлэг нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхий мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 78.36 оноо авсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Н.Алтанхуяг, Х.Нямбаатар, Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар үг хэлж, байр сууриа илэрхийлэн, нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан юм. Хуралдааны явцад гишүүдээс гаргасан саналаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг хойшлуулахаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хуралдааны төгсгөлд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэнгээр ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ