МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.29
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Бид Европын холбооны улсууд руу 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй гаргах боломжтой

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Европын Холбооны Улсаас Монгол Улсад ямар ямар төслүүд хэрэгжиж байна. Ямар үр дүн, өгөөжтэй байна. Цаашдаа ямар төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? Эдгээрийн хэд нь буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл вэ? Зээл, тусламж нэрээр орж ирээд ихэнх нь эдийн засагт шингэхгүй бичиг цаас, зөвлөх үйлчилгээ болгоод зарцуулчихдаг. Энэ алдаанцууд засагдаж байна уу?

Монгол Улс Европын холбоотой гэрээ байгуулж 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй гаргах эрхтэй болоод 10-аад жил болж байна. Монголд үйлдвэрлэсэн барааг европын холбооны оронд нийлүүлэхэд ямар ч татвар авахгүй гэсэн үг. Үүнийг бид хэр сайн эдэлж байна вэ? Миний ойлгож байгаагаар хангалттай сайн эдэлж чадахгүй байгаа. Засгийн газраас үйлдвэрлэлээ дэмжээд, ажлын байр бий болгоод, нэмүү өртөг шингээгээд, түүгээрээ төсвийн орлогоо нэмэгдүүлж, гадны зах зээл дээр гаргах тал дээр цаашид ямар дэмжлэг, бололцоо олгох гэж байна вэ?

Бид Европын холбооны улсууд руу 7200, Япон улс руу 5700 нэр төрлийн бараа татваргүй гаргах боломжтой байгаа. Үүнийг Засгийн газар хооронд хэлэлцээрээр баталгаажсан байдаг хэрнээ бодит байдалд үр дүнгүй байна. Шинэ Засгийн газар энэ боломжуудыг бизнес эрхлэгчид, иргэддээ гаргаж өгмөөр байна. Ингэвэл дэлхийн зах зээл дээр гарах боломж байна. Энэ хэрээр төсвийн орлого ч нэмэгдэнэ. Тиймээс Засгийн газар цаашид ямар бодлого барих вэ? Одоо ямар явцтай байна вэ?"

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт холбогдох албан тушаалтнаас нэмж тодруулан асуулаа.

Түүний асуултанд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ