МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ҮХЦ-ийн 2020 оны 07 дугаар дүгнэлттэй танилцлаа
2020.10.08
Хууль, эрх зүй

ҮХЦ-ийн 2020 оны 07 дугаар дүгнэлттэй танилцлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.10.08\ хуралдаанаар, ҮХЦ-ийн 2020 оны 07 дугаар дүгнэлттэй танилцлаа.

ҮХЦ-ийн дүгнэлтийг Д.Баясгалан танилцууллаа. 

ҮХЦ-ийн 07 дугаар дүгнэлтэд зааснаар, "УИХ-ын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт, “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна.” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хууль зөрчсөн" гэж үзжээ. 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг өөрчлөн найруулахаас өмнө Үндсэн хуульд нийцсэн агуулгатай байсан буюу уг хэсгээр хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй байсан. Гэтэл өөрчлөн найруулсан хэсэгт “... Энэхүү шийдвэр эцсийн байна ...” гэж заасан нь Үндсэн хуульд нийцэхгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн бусад заалттай зөрчилдөж байна. Тухайлбал, “Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах” гэсэн 40.10 дугаар зүйл, “Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан” гэсэн 40.11 дүгээр зүйл нь 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан шийдвэрт үргэлжлүүлэн гомдол гаргах эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг нь Үндсэн хууль, бусад хуультай зөрчилдөж, Үндсэн хуулийн холбогдох заалтуудад нийцээгүйгээс гадна хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байгаа аж. 

ҮХЦ-ийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, С.Бямбацогт, Н.Алтанхуяг байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Улсын дээд шүүх бүх эрүүгийн хэргийг хянахгүй байх, ингэхдээ зөвхөн эрүүгийн хууль, тогтоомжийг илтэд зөрчсөн эсэхийг хянах дэлхийн жишиг рүү ойртох дүгнэлт гарсанд талархалтай буйгаа илэрхийлэв. Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэдгээрээ хүн бүр Улсын дээд шүүхэд хүртэл давж заалддаг нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж ҮХЦ-ийн дүгнэлт гарсныг сайшаагаад, дэлхийн улс орнуудад хууль тогтоомжийн нэгдмэл хэрэглээг хангах буюу хууль буруу хэрэглэсэн эсэхийг хянадаг тогтолцоо буйг онцолж байв. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Өмнө нь цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд ҮХЦ-ийн гишүүдээс асуулт асууж тодруулдаг байсан. Гэтэл эцсийн дүгнэлтийг УИХ дээр дахин шүүх нь зохимжгүй гэсэн үндэслэлээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд цэцийн гишүүдээс асуулт асуухгүй гэж өөрчлөлт оруулсан" хэмэээлээ.

ШИНЭ МЭДЭЭ