“Зарим хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” тогтоолын төслийг буцаав
2020.10.02
Улстөр

“Зарим хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” тогтоолын төслийг буцаав

 Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\  чуулганаар “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, Хууль зүйн байнгын хороонд буцаалаа.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

2016-2020 онд УИХ-ын үед өргөн мэдүүлсэн 90 хуулийн төслийг санаачлагчид буцаах асуудлыг уг төсөлд тусгасан байна. Тодруулбал, өмнөх парламентын үед боловсруулан өргөн барьсан гишүүн нь 2020 оны сонгуулиар дахин сонгогдоогүй төслүүдийг санаачлагчид нь буцаахаар тусгасан байна. Мөн Засгийн газар өргөн барьсан зарим хуулийн төслөө татан авч, дахин боловсруулж, өргөн барихаар болсныг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Баттөмөр нар Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг тогтоолын төслөөс хасах санал гаргасан юм.

УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан 90 төслөөс зарим шаардлагатай төслийг УИХ-ын гишүүд, Засгийн газар дахин боловсруулж, өргөн мэдүүлэх нь зөв хэмээн үзэж буйг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт чуулганд танилцуулав.

Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, өмнөх парламентын үед өргөн мэдүүлсэн хуулийн төслийг автоматаар буцаах хуулийн зохицуулалттай гэдгийг онцлоод, бүх төслийг буцаагаад, дахин өргөн мэдүүлдэх ёстой хэмээв.

Ийнхүү УИХ-ын гишүүд тогтоолын төслийг нарийвчлан боловсруулах, зарим хуулийн төслийг хасах хэрэгтэй гэсэн санал гаргасан. Тиймээс дахин хэлэлцүүлэгт буцаах санал хураалт явуулахад олонх дэмжиж, төслийг Хууль зүйн байнгын хороонд буцаалаа.

ШИНЭ МЭДЭЭ