2019.12.20
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Нефтийн үйлдвэрт олгох 236 сая ам.долларын хэлэлцээрийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.20\ хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.
БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд баталсан нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг 2017 оноос хэрэгжүүлэхээр тогтсон. Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулж, үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг нэг тэрбум 236 сая ам.доллар гэж тооцоолсон. Тиймээс нэмэлт 236 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд 2019 оны 10 дугаар сарын 9-нд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр болох 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулжээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
ТБХ, ЭЗБХ, АБГБХ-ны санал танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул санал хураахад, Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжлээ.