Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
2019.11.29
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.29/ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

 Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-н гишүүн С.Чинзориг танилцууллаа.

Тус төсөлд Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авч, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээний болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна”, “Байгаль орчинг хамгаалах, байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ашиглалтын үр өгөөжийг сайжруулна” гэж, мөн Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Байгаль орчныг хамгаалах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулахаар заажээ.

Энэ үндсэн дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаалаар Байгаль орчны хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилго бүхий хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулж ажиллуулсан байна.

Байгаль орчны хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Зөрчлийн тухай зэрэг гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулжээ. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран болон яамны зүгээс 5 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад яамдын санал болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн саналыг бичгээр авч хуулийн төсөлд тусгажээ.

Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, А.Сүхбат нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ