Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаалаа
2019.11.22
Хууль, эрх зүй

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцаалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.22/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэв.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа өргөн мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөж байна. Уг хуулийн 17.12 дугаар зүйлд 8-аас дээш тооны бод, 24-өөс дээш тооны бог хулгайлбал хүндрүүлэх нөхцөлд тооцож хорих ял, бусад тохиолдолд хорихоос өөр төрлийн ял ногдуулдаг болсон байна.

Тодруулбал, 8-аас доош бод, 24-өөс доош тооны бог хулгайлсан тохиолдолд нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан. Мал хулгайлсан гэмт хэрэгтэнд ногдуулах ялын хэмжээг бууруулснаас гэмт хэрэгтэн ял завшиж, улмаар энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болж байна хэмээн төсөл санаачлагч үзжээ. Тиймээс мал хулгайлсан гэмт этгээдэд оногдуулах хариуцлагын хэмжээг зааглаж, захиргааны бус эрүүгийн хариуцлага ногдуулахаар заасан байна. Мөн “олон тооны мал” гэж хавтгайруулж заасныг хасахаар тусгасан.

Уг хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр буюу энэ сарын 21-нд хэлэлцэж эхэлсэн. Хэлэлцүүлгийн үеэр ажлын цаг дууссан тул түр хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн хуралдаанаар санал хурааахад гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаав.

ШИНЭ МЭДЭЭ