2019.09.18
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
С.Бямбацогт: Хариуцлага алдсан ААН-ийг "Хар жагсаалт"-д оруулах ёстой
Энэ жил Ховд аймагт 1000 тоннын багтаамжтай ногооны зоорь ашиглалтад оруулахаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсын нэгдсэн төсөвт санхүүжилтийг тусгуулсан билээ. Гэтэл өнгөрсөн жил энэ ажлын тендерт шалгарсан компани барилгын ажлыг дөнгөж эхлүүлээд орхижээ. Өнөөдрийг хүртэл тус компани барилгын ажлаа үргэлжлүүлээгүй бөгөөд сураггүй алга болсон байна.
Ногоон зоорь бариулах ажлын захиалагч болох ХХААЯ, гүйцэтгэлийн хяналт тавих ёстой байгууллага нь Барилгын хөгжлийн төв юм. 1 тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй энэ зоорь хэрэв хугацаандаа ашиглалтад орсон бол энэ намар Ховдын ногоочид манжин, лууван, байцай, сонгино гээд нарийн ногоогоо хадгалах, хавар Ховдын иргэд гаднаас үнэтэй ногоо худалдан авч идэхгүй байх боломжтой болох байсан юм.
Олон хүний орлого ашиг, амьжиргаагаа дээшлүүлэх ажилд садаа болж улсаас мөнгөө авчихаад сураггүй болдог, ямар ч чанаргүй барилга нэртэй балгас босгодог энэ мэт компанийг ахиж тендерт оруулахгүй "Хар жагсаалтад" бүртгэх ёстой. Хууль шүүхэд нь өгч улсыг хохиролгүй болгох учиртай гэдгийг УИХ-ын С.Бямбацогт онцоллоо.