Улаанбаатар дахь Ховдчуудын спортын наадам 10 дахь жилдээ боллоо
2019.05.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Улаанбаатар дахь Ховдчуудын спортын наадам 10 дахь жилдээ боллоо

Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс нийслэлд ажиллаж амьдарч буй нийт иргэдийнхээ  дунд 10 дахь жилдээ зохион байгуулж буй спортын наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болж шилдгүүдээ шалгарууллаа. 

Тус наадмын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 25-нд болж Ховд аймгаас төрөн гарсан улс төр, урлаг, спортын алдартнууд болон тэмцээн оролцож байгаа тамирчин, 10 мянга орчим хөгжөөн дэмжигч оролцлоо. Улаанбаатар хотод болон Ховд аймагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг нэгтгэх, уулзуулах,спортоор хичээллүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах зорилгоор зохион байгуулдаг тус наадамд Ховд аймгийн 15 сумын 2000 орчим  тамирчин 47 баг болж оролцсон юм. Үүнээс багийн нийт дүнгээр Манхан сумын баг тамирчид нэгдүгээр байр, Булган сум хоёрдугаар байр, Жаргалант сум гуравдугаар байр, Дарви, дуут, Чандмань, Үенч сумын багууд удаалсан байна.

УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт “Ховд аймаг нийслэлээс 1500 км алслагдсан хол тул ховдчууд маань тэр бүр нутагтаа очиж, гэр бүл хамаатан садан найз нөхөдтэйгөө уулзаад байж амждаггүй. Иймээс Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс цөөнгүй үйл ажиллагаа явуулдгийн нэг нь энэхүү спортын их наадам юм. Спортын наадам нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэдийгээ хооронд нь танилцуулах, уялдаа холбоог нь сайжруулах, спортоор хичээллэх, эрүүл мэнд бие бялдраа хөгжүүлэх хүсэл сонирхлыг нь дэмжих зорилготой. Дөрвөн өдөр үргэлжлэх энэ удаагийн наадамд нийт 2000 тамирчин оролцож нийт тоогоор 10 мянгаад ховдчууд ирж очин спортын наадмаа сонирхож байна” гэсэн юм.

Өмнөх наадамд тамирчид оролцох спортын төрөлдөө баг бүрдүүлдэг байсан. Харин энэ наадамд гурван насны ангилалд сагс, волейбол, ширээний теннис, шатрын спортод сум, сумынхаа багт нэгдэж тоглож байгаа нь энэ жилийн наадмын онцлог гэж зохион байгуулагчид нь ярьж байлаа.  Жил ирэх тусам тэмцээний цар хүрээ нэмэгдэж анх нэгдсэн байдлаар зохион байгуулагддаг байсан бол өдгөө гурван насны ангиллаар зохион байгуулагддаг болжээ. Ингэснээр нас насны төлөөлөл оролцох боломж нэмэгдэж тамирчид хөгжөөн дэмжигчид нутгийн зөвлөлийнхөн гэх мэт Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ховдчууд ийнхүү нэгэн дээвэр дор нэгдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ