С.Бямбацогт юу ярив
2018.10.03
Улстөр

С.Бямбацогт юу ярив

УИХ-ын гишүүн. С.Бямбацогтын "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагын
онцлох хэсгээс хүргэж байна

-Намрын чуулганаар хэлэлцэх чухал асуудлын нэг нь яах аргагүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл. Эцэг хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд оочин цоочин хандаж огтхон ч болохгүй. 

-Төрийн нэр хүнд унаж байгаа нь УИХ-ын гишүүд болоод төрийн албан хаагчдын хариуцлага ёс зүйтэй шууд холбоотой. Өөрөө чуулгандаа суудаггүй, хуралдаа ирдэггүй, хууль тогтоох үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байж бусдаас хариуцлага нэхээд суух нь тэнэг явдал. 

-Дэг журам, сахилга бат дээрээсээ эхэлж байж нийгэм зөв болно. Тэгээд ч УИХ-ын гишүүн гэдэг иргэдээс сонгогдсон иргэн болохоос биш дарга биш. 

-Жирийн ажилтан хурууныхаа хээгээр цагаа бүртгүүлж, ажлаа таславал цалингаасаа хасуулдаг байхад гишүүн гэдгээр бамбайлж хариуцлагаас мултрах нь муухай. Тийм ч учраас Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуур ашиглах асуудлыг хуульчилж өгсөн. 

-Хоосон популизм хийдэг, микрофон, телевизийн камерын өмнө улс төрийн жүжиг тавьдаг байдлыг хязгаарласан. Хэрэв гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай огт холбогдолгүй асуудлаар үг хэлвэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгохоор тусгайлан заасан. Мөн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасласан өдрийн цалинг олгохгүй байхаар тогтоосон. 

-Харамсалтай нь төсөлд анх тусгасан чуулганы хуралдааны гуравны нэгд суулгүй тасласан болон байнга хоцордог гишүүнийг эргүүлэн татах, төрийн албан тушаалтан УИХ-д, төрд худал мэдээлэл өгвөл ажлаас нь халах хариуцлагын заалтууд хасагдсан. Энэ хасагдсан заалтуудыг Үндсэн хуульд суулгах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. 

-Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй гишүүнийг эгүүлэн татах заалтыг Үндсэн хуульд тов тодорхой оруулах ёстой. Ингэж үзсэн учраас нэмэлт өөрчлөлтийн төсөлд "Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь түүнийг гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно" гэсэн үг өгүүлбэр оруулсан. 

-Иргэд сонгогчдыг төлөөлнө, тэдний элч нь байна, зарц нь байна гэж сонгогдчихоод ажлаа хийхгүй байгаа хүнийг эргүүлэн татдаг байх нь монгол төрийн төлөвшилд тустай.

-Засаглалын хямралын үндэс нь хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх эрх мэдэлдээ хутгалдсан, гүйцэтгэх засаглал нь УИХ, Ерөнхийлөгчдөө барьцаалагдсан явдал. Нэг ёсондоо Засгийн газрынхаа хөлийг нь тушчихаад ташуурдаад байна. 

-УИХ зарим бүрэн эрхээсээ зоригтой татгалзах ёстой. Хамгийн түрүүнд Улсын Их Хурал сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж Ерөнхий сайдад энэ эрх мэдлийг өгөх нь зөв. Ингэж байж Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх бүрэн боломж бүрдэнэ. 

-Хүчтэй Ерөнхий сайдтай, ажил хийдэг хариуцлагатай гүйцэтгэх засаглалтай байя гэж байгаа бол Үндсэн хуульд Ерөнхий сайдын, Засгийн газрын бүрэн эрхийг тов тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Өнөөдрийн Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Улсын Их Хурлын бүрэн эрх гэж байгаад байгаа хэрнээ Засгийн газрын бүрэн эрхийн  талаар юу ч байхгүй бүрхэг бүдэг орхигдуулсан.

-Аль ч Засгийн газрын гол үүрэг бол ерөөсөө өнөө маргаашаа аргацаах биш хөгжлийн бодлогодоо нийцсэн, нийтлэг эрх ашигтаа чиглэсэн, холыг харсан үйл ажиллагаа явуулах. Засгийн газрын хувьд нэн түрүүнд анхаарч хэрэгжүүлэх, хийх ёстой ажил нь УИХ-аар батласан "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-ыг хэрэгжүүлэх явдал. Түүн дээр үндэслэн боловсруулсан Үйл ажиллагааны хөтөлбөрөө ажил болгох ёстой. Нэгэнт хүрэх чиг, очих газар, биелүүлэх зорилт нь тодорхой байхад үүнийгээ л хийх ёстой. Түүнээс биш өөр зүйл яриад, өнгө засал төдий зүйлд хэт их ач холбогдол өгөөд явж таарахгүй. 

-Хүний амьдрал богино. Энэ богинохон амьдралдаа монгол хүн бүр энэ улс орноо хөгжсөн байхыг, илүү дэвжиж өөдөлсөн байхыг нүдээрээ харахыг хүсч байгаа. Олон жил яригдсан хөгжлийн том асуудлууд бодит биелэлээ олохыг хүлээсээр цөхөж байгаа. Үр хүүхэддээ өөдтэйхэн улс орон үлдээхийг мөрөөдөж суугаа. Засгийн газрын ажил бол ердөө энэ бүхнийг хийх л юм шүү дээ. 

-Одоо Улсын Их Хурал төсөв хэлэлцэх гэж байна. Энэ үед нөгөө засгаа барьцаалах асуудал чинь жинхэнэ хүчээ авдаг байхгүй юу. Монгол Улсын нэгдсэн төсөв талын нэг тарж, жалгын нэг жаахан байр сав болж, өрийн тааз нэмэгдэж, хөгжлийн бодлого алдагддагийн гол шалтгаан нь ердөө л энэ. 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд "Улсын Их Хурал тухайн жилийн улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг шууд хориглоно" гэж заасан. Ингэхгүйгээр төсөв төсөв биш болно.

-Засгийн газар, Ерөнхий сайд асуудлаа "ногоон гэрэл"-ээр явуулж байхын тулд танхимаа дандаа Улсын Их Хурлын гишүүдээр бүрдүүлэх явдал их гардаг. Энэ нь эргээд хууль тогтоох байгууллага болоод гүйцэтгэх засаглалын чиг үүрэг хоорондоо холилдоход хүргээд байна. Тиймээс "Ерөнхий сайд, гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно" гэж хуульчлах нь хамгийн зөв хувилбар.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд төрийн албаны дархлааг бэхжүүлэхтэй холбоотой заалт орсон. Энэ хүрээнд "Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно". Төрд нам дагасан нь биш мэдлэг чадвартай нь ажилладаг байх учиртай. 

-Сумын Засаг даргыг иргэдээс нь сонгодог, аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог байх нь зөв. Тэгэхгүй бол аймгийн Иргэдийн хурал өнөөдөр иргэдээ төлөөлж чадахгүй байна. Тэнд амин хувийн эрх ашгаараа барьцалдсан, нам дамжсан, өөрсдийнхөө атгаг сонирхолд автсан хэсэг хүмүүс Засаг даргыг томилдог, бас элдэв шалтаг гарган огцруулдаг буруу жишиг тогтоод байна. Үүнээс болж аймаг орон нутгийн хөгжил хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо. Энэ янзаараа байвал тэнд ажил хийдэг хүн байхгүй болох нь. Аймгийн Иргэдийн хурал нутгийн өөрөө удирдах байгууллага биш ажил хийх гэсэн хүний "нугасыг нь тасладаг" газар болох нь. Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг шууд томилдог болчихвол эргээд тэр хүндээ шаардлага тавих, хариуцлага тооцоход ч амар. 

-Үндсэн хуульд гурван мянган хүнтэй сумыг бараг гурван зуун мянган хүнтэй хотын дүүрэгтэй адилтгах, хоёр зуу хүрэхгүй өрхтэй хөдөөгийн багийг арван мянга давсан хүн амтай хороотой нэг эрэмбэнд тавих нь хэр зохистой вэ гэдгийг одоо нухацтай авч үзэх зайлшгүй шаардлага байна. Суманд бол иргэд бие биесээ таних учраас хэнийгээ Засаг даргаар сонгох вэ гэдгээ амархан шийдчихэж болно. Харин дүүрэгт бол өөр болчихож байгаа юм. Тэгэхээр асуудлыг зөвхөн ганцхан өнцгөөс харах биш олон талаас нь харж, дүгнэж байж хамгийн зөв шийдэлд хүрэх нь чухал. 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг хийхдээ үг, өгүүлбэр бүр дээр тогтож, олон талаас нь ярьж шинжилж байж зөв гаргалгаа гаргах хэрэгтэй. Сумын Засаг даргыг иргэд сонгодог, харин аймаг, дүүргийн Засаг даргыг томилдог байх олон нийтийн саналыг харгалзаж үзэх нь зөв.            

-Улс орон өмнө нь тавьсан өр ширээ нимгэлж л байна. Гэхдээ энэ бүхэн одоо санаа амар сууж болно гэсэн үг биш. Ам  долларын ханш өсөж буйг зүгээр анхааралтай ажиглах биш эрсдлийг нь урьтаж харж угтаж ажил хиймээр байна. Шатахууны үнийн өсөлт алслагдсан бүсийн иргэдэд багагүй дарамт болж байна. Хэдийгээр энэ бүх эрсдэл гадаад хүчин зүйлээс шалтгаантай ч бид дотоод нөөц боломж юу байна түүнийгээ бүрэн шавхах ёстой. 

-Мөрийн хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Улсын Их Хурал хууль тогтоох байгууллага. Тэгвэл Засгийн газар Улсын Их Хурлаар батлуулж хуулийн адил хүчин төгөлдөр болсон Үйл ажиллагааны хөтөлбөрөө нэгбүрчлэн хэрэгжүүлэхийн төлөө зүтгэхгүй бол цаг хугацаа хүлээхгүй. 

-Нэн түрүүнд Мөрийн хөтөлбөрт туссан том төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийн эргэлтийг нь эрчимжүүлэх асуудлаа яаравчлах хэрэгтэй байна. Нийт хүүхдийн 80 хувьд нь биш хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг өгмөөр байна. Тийм ч учраас би нэр бүхий гишүүдийн хамт хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж өргөн барьсан. 

-Мөрийн хөтөлбөр дээр үндэслэн боловсруулсан Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр бол амласан ажлын, нэн даруй хийж хэрэгжүүлэх ёстой зүйлийн жагсаалт болохоос биш санал авах тунхаг биш гэдгийг дээр дооргүй бодох учиртай. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 гэсэн урт хугацааны хөгжлийн бодлогоо тоосонд даруулалгүй ажил болгох ёстой. Тэнд хэдэн онд ямар түвшинд хүрсэн байх вэ гэдэг зорилт нь , түүний тулд юу хийх ёстой вэ гэдэг арга зам нь тов тодорхой бий. Холын харааны шил болсон энэ бодлогоо сөхөж харахгүй сохор хүн шиг дороо эргэлдээд байвал улс орон яаж өөдлөх юм бэ? Улс төржиж, ул шагайж, ирээдүйгээ зөвхөн сонгуулийн 4 жилийн мөчлөгөөр хардаг үхээнц байдлаасаа аль ч нам салах цаг болсон.                     

-Хүн бүр, иргэн бүхэн гэм буруутай зүйлийн хажуугаар нүдээ анин өнгөрөх биш түүнийг илрүүлэх, илчлэх нүд чих нь байж чадвал гэмт хэрэг буурна. Чухам үүнд л Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн мөн чанар оршиж байгаа юм. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулсан иргэдийг урамшуулна. Урьдчилан сэргийлэх ажлыг хариуцах эзэнтэй, үр дүнг нь тооцох тогтолцоотой, гэмт хэрэгт судалгаа дүн шинжилгээ хийх бүтэц, мэдээллийн бааз суурьтай болох юм. 

-Уурын мунхагаас болж хүний эрх чөлөөнд халдвал ийм ялтай шүү гэдгийг, хотын хөдөлгөөнд оролцохдоо ийм дүрэм зөрчвөл тийм торгуультай шүү гэдгийг, хууль мэдэхгүйгээсээ болж хударгагүй хүний золиос болвол ийм аюултай шүү гэдгийг урьдчилж ойлгуулах, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх асуудал энэ хуулийн төслийн нэг амин сүнс нь. 

-Гэмт хэрэг гарах орчинг байхгүй болговол, гэмт хэрэгтэн төрөх үндсийг таслан зогсоож чадвал хэдэн хүний амь нас, эрүүл мэнд, хэдий хэмжээний эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалж чадах вэ гэдгийг бодох цаг болсон. Бодох биш бүр бодит ажил болгон хийх цаг болсон. Урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан багахан мөнгө уулын чинээ хар толбо нийгэмд, нийтэд тусахаас сэргийлж чадна. 

-Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн бариад байна. Энэ хууль батлагдвал зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдал, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээний алба хаагчдын маань 36 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж одоо байгаа хэвээр үлдэнэ. Бас чөлөөнд гараад авах тэтгэврийнх нь хэмжээ нэг ч төгрөгөөр буурахгүй болно. Бид төрд тангараг өргөсөн алба хаагчдынхаа эрх зүй нийгмийн байдлыг дордуулж хэрхэвч болохгүй. 

-Бүх зүйл, бүх шийдвэр хуулийн хүрээнд л гарах ёстой. Үндсэн хуулийн манаач болсон Үндсэн Хуулийн Цэц чиг үүргээ гажуудуулахгүй байхаа гэж найдаж байгаа. Иргэдээ төлөөлөлтэй байлгах гээд хууль зөрчиж болохгүй, бас төлөөлөлгүй байлгаж хууль зөрчиж таарахгүй. Хүн бүр хуулийн хэм хэмжээнд захирагдаж , хуулиар тогтоосон зааг хүрээнд л эрх үүргээ хэрэгжүүлэх учиртай. Түүнээс биш хэн нэгэн илүү эрх ямба эдлэх, эсвэл эрх чөлөөгөө боомилуулж таарахгүй л дээ. Бас өөрт нь таалагдахгүй болгоныг шударга бус гэж хашгирах нь өөрөө увайгүй.  

-Ирэх оны төсөв гэдэг Монгол хэмээх айл ирэх онд ямар төсвөөр яажшуухан амьдрах вэ гэдгээ шийдэх асуудал. Тэгэхээр төсвөө зөв батлана гэдэг маш чухал. 

-Утаа болохоо байлаа гэж дээр дооргүй халаглан ярьснаар, боож үхлээ гэж бүгдээрээ талбай дээр очиж хэвтсэнээр энэ асуудлыг шийдэхгүй.  БНСУ-ын 500 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийг утаатай тэмцэхэд зарцуулна гэсэн өнөө хэр нь дорвитой шийдэл , даацтай ажил харагдахгүй л байна. 

-Бид улсаараа том амбицтай байх ёстой. Түүний тулд тодорхой том бодлого дэвшүүлж том төслүүдээ зоригтой хөдөлгөх учиртай. Айлаар, хүнээр бол зөвхөн гал тогоондоо эргэлдээд байх биш гадаах ажлуудаа цэгцэлмээр байна. 

-Тавантолгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь ард нийтээрээ хүртэх, иргэн бүрт өгсөн 1072 хувьцааг амь оруулах цаг нь болсон. 

-Бүр 2008 онд л 5-р цахилгаан станц барина гээд л ярьж байсан. Арван жил өнгөрчихөөд байхад ярьсаар л байна. Нэг тийм ярьдаг, гацаадаг чөтгөрийн тойрогт орчихлоо. 5-р цахилгаан станц барина гэж байгаад Тавантолгойд станц барина гээд л таг болсон. Тавантолгойн станцын төсөл нь Багануурын цахилгаан станцын чимээнд дарагдсан. Багануур нь одоо бас яах нь мэдэгдэхээ байсан. Оюутолгой Монголоос эрчим хүчээ авъя гэтэл нийлүүлэх цахилгаан станцаа бид бариагүй л сууж байна. 

-Шинэ төмөр зам барина гэж бариагүй төмөр замаа зэвэнд идэгдтэл бахирлаа. Өргөн нарийн цариг гэж маргасаар байтал өчнөөн жил өнгөрлөө. Төмөр зам нь бидэнд хэрэгтэй учраас бүдүүн нарийн нь хамаагүй одоо түүнийгээ хурдан барьж нүүрсээ зөөе л дөө. 

-Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт Үйлдвэржилтийг дэмжих-21:100 хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд тов тодорхой туссан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлье л дээ. 100 суманд импортыг орлосон экспортод чиглэсэн 100 үйлдвэр баригдчихвал тэнд ажилгүй хүн байхгүй болно. Түүхий эддээ нэмүү өртөг шингээж, олон мянган шинэ ажлын байр бий болгож, татварын бааз суурь маань өргөжөөд л ирнэ. Монгол хүн хийж бүтээж чаддаг гэдгээ харуулж түүндээ урамшина. Ийм хөтөлбөр ингэж хэрэгжүүлье гэсэн зорилт тавьсан бол түүнийгээ бид биелүүлэх л ёстой. Үйлдвэрлэл хөгжүүлэхэд бидэнд түүхий эд нь, ажиллах хүч нь бэлэн байна.  

-Уг нь манай улсын экспортолж буй бараанд Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7200, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 5700 төрлийн бараанд тэдгээр улсын гаалийн тарифын хөнгөлөлтийг эдлэх боломж байгаад байдаг. Тэрийгээ бид нар өдий болтол ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. 

-Засгийн газар 21:100 хөтөлбөрөө хэрэгжүүлж үйлдвэржилтийн хувьсгал хийх цаг нь болсон. Олон жил ярьсаар байгаа зэс хайлуулах, гангийн үйлдвэрээ барьж хөгжлийн шинэ үеийг эхлүүлж монголчуудынхаа сэтгэлд гэрэл асаамаар байна. Орос Хятадыг холбосон Хөгжлийн замаа цаасан дээр биш газар дээр барьцгаая. 

-ШХАБ-д элсэнэ гэж дарцаглаж давхихаасаа илүү Хятад Орос гээд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг хүчтэй тодорхойлж буй хөршүүдтэйгээ хөгжлийн бодлогоо хэрхэн уялдуулах вэ, авто зам, хийн болон нефтийн хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам гэсэн хил дамнасан ямар том төслүүдийг яаж харилцан ашигтай хэрэгжүүлэх вэ гэдгээ шийдмээр байна. 

-Бүх зүйлд зөвшилцөл ойлголцол чухал. Бид өнгөрсөн 28 жилийн хугацаанд өчнөөн талцаж хуваагдаж, өөр хоорондоо хэрүүл тэмцэл хийлээ. Тэгээд юу хожив. Дандаа л нийтлэг том эрх ашигтаа нийцсэн бүхнийг нурааж, гацааж, эцэст нь бүгдээрээ хохирч өнөөдрийг хүрлээ. Тэгвэл бүгдээрээ хожихын төлөө, улсаараа урагшлахын төлөө нэгдээд нийлээд зүтгэе л дээ.

- Бид чинь нэг л монгол. Нэг нь зовж байхад нөгөө нь жаргана гэж байхгүй. Үр хүүхэддээ зовлонт ирээдүй өвлүүлэхийг хэн ч хүсэхгүй. Тийм болохоор сайхан Монголын төлөө санаа зорилго нэг байж л амжилтад хүрнэ гэж би ойлгодог. 

-Хөгжлийн газрын зураг нь бэлэн байхад одоо галт тэргээ хөдөлгөх цаг нь болсон. Мэдээж хэрэг энэ бүхний хөдөлгөгч хүч нь мөнөөх Үндсэн хуулийн өөрчлөлт. Зоригтой шийдэл, шийдвэртэй алхам л чухал байна даа.

ШИНЭ МЭДЭЭ