Хүүхдийн мөнгөнөөс татгалзах хүсэлт тавив
2009.09.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүүхдийн мөнгөнөөс татгалзах хүсэлт тавив

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт хүсэлт тавьжээ. Тэд "Хэрэв таны гэр бүл хуулийн дагуу сар бүр хүүхдийн мөнгө авдаг бол энэ оны аравдугаар сараас өөрсдийн санаачилгаараа энэ мөнгийг авахаас татгалзан төрийн бусад албан хаагчдад үлгэр дуурайл үзүүлнэ үү" хэмээн хүссэн байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшин харгалзахгүйгээр олгохыг анхнаасаа хүлээн зөвшөөрдөггүй байсан тул хүүхдийнхээ нэр дээр данс нээлгэлгүй уг мөнгийг улсын төсөвт үлдээсээр ирсэн юм байна.

Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн хүүхдийн мөнгө авдаг нэрийн дансыг аравдугаар сарын 1-нээс эхлэн хаалгахаар болжээ. Тэд хэд хэдэн үндэслэлээр ийм шийдвэрт хүрчээ. Тухайлбал, санхүүгийн хямралын улмаас улсын төсвийн орлого буурч, албан хаагчдын цалин, нийгмийн халамжийн зардлыг багасгах тухай ярихад хүрсэн. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс үзвэл улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн энэ оны найм дугаар сарын байдлаар зарлагаасаа бага гарчээ. Гэтэл хүүхдийн тэтгэмж, хүүхдийн мөнгөнд тодорхой хэмжээ-ний мөнгийг төрөөс зарцуулсаар ирсэн. Манай улсын эдийн засгийн байдал эмзэг хэвээрээ байгаа энэ үед зохих арга хэмжээг авахгүй, энэ байдал үргэлжилсээр байвал энэ оны сүүлчээр нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэйг сануулжээ. Тиймээс төрийн удирдах албан тушаалтнууд олон түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, ёс суртахуун, үйл хэргээрээ нийтийг үлгэрлэн дагуулах шаардлагын дагуу тэд ийм хүсэлт тавьж байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ