Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баярын мэнд дэвшүүлье
2017.07.19
Хууль, эрх зүй

Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баярын мэнд дэвшүүлье

Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд Цагдаагийн байгууллагын эрхэм генералууд, офицер, ахлагч, албан хаагчид, чөлөөнд байгаа ахмадууд болон гэр бүлийнхэнд Монголын цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ой, “Цагдаагийн алба хаагчийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монголын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл төр, засаг, түмэн олныхоо амар амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж, гэмт явдалтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний дотроос эрдэм боловсрол, авьяас, ур чадвараараа олноо алдаршсан төрийн зүтгэлтнүүд, гавьяат хуульчид, эрэлхэг зориг, мэргэжлийн ур чадвар гарган бусдын амь насыг аварсан залуучууд, нэр алдраа дуурсгасан алдар цуутнууд олноор төрөн гарсанд төр, засаг, ард түмэн бахархаж байдаг билээ. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх ялангуяа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дэмжлэг туслалцаатайгаар олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласнаар эерэг үзүүлэлтүүд гарч байгаад талархал илэрхийлэхийн ялдамд цаашид эдгээр ололт амжилтаа улам бататган, өнөөгийн нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангаж, ард иргэдийнхээ итгэлийг дааж ажиллах нь чухал юм.

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн гэмт хэргийн үйлдлийн арга хэлбэр нарийсч, хууль тогтоомжийг сахин биелүүлэхэд, илрүүлж, нотлох, шийдвэрлэхэд саад бэрхшээл багагүй байгаа хэдий ч цагдаагийн алба хаагч Та бүхэн мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй байж, орчин үеийн шинэ техник, технологи, арга туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллах шаардлага тавигдсаар байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хууль сахиулах байгууллагууд түүний дотроос цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно. Цагдаагийн байгууллага, алба хаагч, ажилтнууд хуулийг чанд баримталж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, төрийн ажил, үйлчилгээг иргэд, байгууллагад шуурхай, чанартай хүргэж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Монгол төрийн түшиг болсон цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ

ШИНЭ МЭДЭЭ