Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган
2017.06.02
Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо. Хуралдаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Энэ талаарх мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийв.

Эдийн засгийн өсөлт 2013 онд 11.6 хувьтай байсан бол 2014 онд 7.9 хувь, 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.0 хувь болж буурлаа. Эдийн засгийн өсөлт ийнхүү буурахад 2016 онд 2013 онтой харьцуулахад эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр дунджаар 47.0 хувиар буурсан, гадаад худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 1.2 хувиар саарсан зэргээс үүдэн манай улсын экспорт 2016 онд 2014 онтой харьцуулах 857 сая доллараар буюу 15.0 хувиар буурч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 1.9 тэрбум доллараар буюу 93 хувиар багассан нь нөлөөлсөн.

Үүнээс гадна 2013-2016 онуудад төсөв, мөнгөний алдаатай бодлогын улмаас төсвийн алдагдал их хэмжээгээр өсөж, алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоод их хэмжээний зээл авсан нь  2016 оны эцэст Засгийн газрын өрийн хэмжээ 2013 оны жилийн эцсийн үлдэгдэлтэй харьцуулахад 2.3 дахин нэмэгдэж, эдийн засаг хүндрэхэд хүргэсэн гэж С.Бямбацогт сайд мэдээлэлдээ дурдав.

Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтран 1,167.8 тэрбум төгрөгийн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг 2012-2015 онд хэрэгжүүлсэн, Засгийн газраас сайн малчин, сайн оюутан, сайн хувьцаа зэрэг хөтөлбөрүүдэд зориулж 543.1 тэрбум төгрөгийг төсөвт тусгагдаагүй эх үүсвэрээр санхүүжүүлж, зах зээлд төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлсэн нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны жилийн эцэст 2013 онтой харьцуулахад 40.9 хувиар суларч, макро эдийн засгийн тэнцвэрт байдал алдагдахад нөлөөлжээ.

2013 онд 12.5 хувьтай байсан инфляци 2016 онд 1.1 хувь болж огцом буурсан нь эдийн засгийн идэвхжил суларч, эрэлт, хэрэглээний бууралт бий болсныг харуулж байна. Гадаад худалдааны тэнцэл 2013 онд 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2016 оны эцэст 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ нь эдийн засгийн өсөлт саарсан, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор импортын хэмжээ 2016 онд 2013 оны түвшнээс гурван тэрбум ам.доллараар багассантай холбоотой. 2013-2016 онуудад дээр дурдсан хүчин зүйлүүдээс үүдэн төсвийн тэнцлийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 2013 онд 1.2 хувь байсан бол 2014 онд 3.9 хувь, 2015 онд 5.0 хувь, 2016 онд 15.4 хувь болж хурдацтай өссөн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа онцлов.  

Засгийн газрын зүгээс өмнөх Засгийн газрын үед алдагдаад байсан төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллажээ. 2016 оны 7 сарын хувьд 2016 оны батлагдсан төсвийн зарлага нийт дүнгээр 2,372.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч үүнээс үүдэн нэгдсэн төсвийн нийт алдагдал анх батлагдсан ДНБ-ий 3.4 хувиас ДНБ-ий -20.6 хувьд хүрч 17.2 хувиар нэмэгдэх нөхцөл байдалд хүрсэн байсан байна.

Мөн тэрбээр, Төсвийн ийм хүнд нөхцөл байдалд хүргэхэд төсөвт тусгагдаагүй, санхүүжигдсэн нийгмийн даатгалын тэтгэврийн нэмэгдэл 60.9 тэрбум төгрөг, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийн санхүүжилт 543.1 тэрбум төгрөг, олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөр 141.5 тэрбум төгрөг, “Барих-Шилжүүлэх” концессын төслөөр хэрэгжсэн төслүүдийн санхүүжилт 70.7 тэрбум төгрөг, өмнөх жилүүдэд гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн векселиэр санхүүжигдсэн, гүйцэтгэгч компаниудын өр, төлбөрийг барагдуулах 672.9 тэрбум төгрөгийн үүргүүд голчлон нөлөөлж, төсөвт их хэмжээний дарамт учруулсан гэдгийг мэдээлэлдээ онцолсон.

2016 оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 18.0 хувь болгон бууруулж баталсан. Улмаар 2016 оны төсвийн гүйцэтгэлээр төсвийн орлого 504.8 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс давж, төсвийн зарлага 173.5 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэнээр төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал ДНБ-ий 15.4 хувь болж батлагдсан хэмжээнээс бууруулж чадсан. Эдийн засаг, санхүү, төсвийн цаашдын хандлага, төсөөллийн талаар, Засгийн газар байгуулагдсан цагаасаа эдийн засгаа сэргээх төлөвлөгөө яаралтай хэрэгжүүлж уналтыг зогсоох, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгийг авч эдийн засгийн суурь бүтцээ засаж, сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж ажиллалаа. Тухайлбал, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулж, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлуулан, төлөвлөгөөнд туссан ажлуудыг хэрэгжүүлэн ажилласан байна.

Түүнчлэн энэ онд Олон улсын валютын сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засаг, төсөв, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлж, өргөн хүрээний бүтцийн шинэчлэл хийх, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж, өрийн дарамтаас гарах, төсвийн урсгал болон хөрөнгийн зардлын үр ашгийг нэмэгдүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн орлогыг бодитой төлөвлөх, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хэт хамааралтай байдлыг бууруулж, тогтвортой орлогын бааз суурийг өргөжүүлэх, хөнгөлөлттэй санхүүжилтийг түлхүү ашиглах замаар өрийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн хамгааллын тогтолцоог илүү үр ашигтай, үр дүнтэй болгох зэрэг бодлого хэрэгжүүлэхээр болжээ. Мөн эдийн засгаа дунд хугацаанд төрөлжүүлэх бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ажлыг байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийн орлогыг өсгөх, орлогын ялгааг багасгахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт мэдээлэлдээ “Дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2017-2021 онд дунджаар 4.2 хувиар өсөхөөр байна.

Дунд хугацаанд Монгол Улсын төсвийн нэгдмэл байдлыг хангаж, сахилга батыг чанд сахихын зэрэгцээ төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2018 онд -9.5, 2019 онд -6.9, 2020 онд -5.1, 2021 онд -3.6 болгон бууруулах боломж бүрдэхээр байна. Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон Засгийн газрын өрийн нийт хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт буюу 2018 онд ДНБ-ий 80 хувь, 2019 онд ДНБ-ий 75 хувь, 2020 онд ДНБ-ий 70 хувь, 2021 онд ДНБ-ий 60 хувиас тус тус хэтрэхгүй байхаар төсөөлсөн” гэдгийг дурдлаа.

Уг мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Ё.Баатарбилэг, Ц.Нямдорж, Г.Тэмүүлэн, Д.Лүндээжанцан, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, Д.Сарангэрэл, Ч.Улаан  нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.  

ШИНЭ МЭДЭЭ