Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив
2017.04.20
Хууль, эрх зүй

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, Ц.Нямдорж, С.Чинзориг, О.Батнасан, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, М.Билэгт нар Ажлын хэсгийнхнээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 2003 оны хууль, одоо мөрдөж байгаа хуулийн яг хэдэн хувьд нь өөрчлөлт орсон юм бэ? зайлшгүй шинэчилсэн найруулга хэлбэрээр батлах шаардлага байсан юмуу ? гэж тодотгон асуулаа. 

УИХ-ын С.Чинзориг: Салбарынх хүн биш тул зарим тодруулах зүйл асуух зүйл байна. Хэрэг үүсгэхээс өмнө гүйцэтгэх ажиллагаа явагддаг. Тагнах, чагнах, нотлох баримт цуглуулах гэх мэт энэ хүрээнд үндсэндээ прокурорын байгууллагын хяналт байдаггүй юм шиг байгаа юм. Тэгэхээр хэрэг үүсэхээс өмнөх үйл ажиллагаанд прокурор оролцох хүний эрх зөрчигдөж байна уу гэх мэтийг хянах боломж энэ шинэ хуулиар олдох уу?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Прокурорыг төрийн өмгөөлөгч гэж ойлгож байна. Энэ хуулийг баталснаар төрөө өмгөөлж ажиллах, мөрдөн байцаах эрх өгөх талаар ажиллаж байна уу? Солонгосын прокурорыг шударга гэж ярьдаг шүү дээ. Манайд болохоор прокурорын тухай хуулиар шүүгч, өмгөөлөгч, прокурор гурав нэг болчихлоо.Энэ юу гэсэн үг вэ? Хууль хяналтын байгууллагынхны талаар олон зүйл яригдаж байна. С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэх мэт. Улс төрчид гэмт хэргийн шинжтэй юм ярьдаг. Хөрөнгө оруулалтын банкны хуулийн хэлэлцүүлгийн  хувьд Хятадын нөлөөнд орчих вий гэж ярьсаныхаа төлөө би УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт доромжлууллаа.

Таны нэр бол гэж байгаад 33,721 Баасанхүү нэртэй хүмүүсийг доромжилсон.

Хүнд гүтгүүлмээргүй байна. Төртэй гэдгээ мэдэрмээр байна"

Мөн хуулийн төсөлд прокурорын байгууллагын ажилтнуудын нийгмийн халамжийн асуудлыг хэрхэн шийдсэн, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад прокурорын байгууллагын оролцоо хэр байгааг илүүтэй сонирхож байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Х.Нямбаатар, Ө.Энхтүвшин, Л.Мөнхбаатар, О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

Ингээд Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг  гишүүдийн 78 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ