Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас завсарлага авав
2017.04.20
Хууль, эрх зүй

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас завсарлага авав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.19) хуралдаан 16:00 цагт 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

2002 оноос хойших хугацаанд иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх баримт бичиг дунджаар нийт гүйцэтгэх баримт бичгийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд тэдгээрийн бодит гүйцэтгэл оноос он дамжин 50 орчим хувьтай байсаар байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байгаа хэмээн үзсэн байна.

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалтууд, Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг баталсан. 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх эдгээр хуульд ял, шийтгэлийн төрөл, хэлбэрийг шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэх, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шийтгэл оногдуулахаар тусгаж, ял, шийтгэл, албадлагын арга хэмжээний төрлийг шинээр тодорхойлсон байна.

Иймд дээр дурдсан ял, шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгэх, хяналт тавих ажиллагааг шинээр журамлах шаардлагад үндэслэн 5 хэсэг, 28 бүлэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, тодруулга хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан горимын санал гаргав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь хүний эрхтэй шууд хамааралтай эрх зүйн зохицуулалт байдаг. Харин хэлэлцэж буй хуулийн төсөлтэй гишүүд танилцаж амжаагүй, Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хуулийн төслийн талаар хэлэлцээгүй. Иймд Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг таван өдрийн завсарлага авах саналыг Байнгын хорооны даргад танилцууллаа. Байнгын хорооны дарга горимын саналыг хүлээн авснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг ирэх Мягмар гарагт үргэлжлүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ