Прокурорын тухай хуулийн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
2017.04.20
Хууль, эрх зүй

Прокурорын тухай хуулийн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.19) хуралдаан 16:00 цагт 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан.

1992 онд батлагдсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Улсын Их Хурлаас 1993 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг баталжээ. 2002 онд эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш шударга үйлчлэх тогтолцоог цогцоор нь бүрдүүлнэ хэмээн тусгасан байдаг.

Түүнчлэн 2017 оны хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулахаар тусгаж, шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал өөрчлөлт, эрүүгийн хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоо мөрдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав.

Түүнчлэн Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлангийн зөвлөмж хэсэгт зөрчил, гэмт хэргийг шалгах, хянах, шийдвэрлэх ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагаа зэргийг зохицуулсан хуулиудын төсөлтэй нийцүүлэн Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг дурдсан байдаг байна.

Иймд Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулах зорилгоор Прокурорын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр, түүнчлэн прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар тусгасан байна.

Түүнчлэн улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Сангийн сайдаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан прокурорын үйл ажиллагааны нийгэм, эдийн засгийн баталгааг сайжруулахаар тусгасан зохицуулалтыг хасаж, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд заасан түвшинд байхаар тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Ш.Раднаасэд нар салбарын сайд, Ажлын хэсгийн гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авч санал хэлэв. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дээрх хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Мөн дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар ахлан ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ