Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2017.04.18
Хууль, эрх зүй

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.04.18) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц…хууль зүйн…баталгааг бүрдүүлэх,…хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн үндэслэл, журмыг тогтоосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталж мөн оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

2002 оноос хойших хугацаанд иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх баримт бичиг дунджаар нийт гүйцэтгэх баримт бичгийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд тэдгээрийн бодит гүйцэтгэл оноос он дамжин 50 орчим хувьтай байсаар байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах”, “албадан ажил хийлгэх” зэрэг ялын хэрэгжилт хангалтгүй байгаа нь Эрүүгийн хуулийн 9.1-д заасан “Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх” зарчмыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна гэж С.Бямбацогт хэлэв.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.1-т: “Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчныгцогцоор нь бүрдүүлнэ” гэж, 5.4.10-т:  “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд бүрэн шилжүүлэх, цагдан хорих байрны нөхцөлийг хүний жам ёсны эрхэд нийцүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд цахим болон телекамерын хяналтын системийг нэвтрүүлэх, ялтныг хөдөлмөрт бүрэн хамруулах, иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зарим ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинэтгэнэ” гэж тус тус заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл болсон гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт энэ үеэр онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ