Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
2017.04.18
Хууль, эрх зүй

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.04.18) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Прокурорын тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.

1992 онд батлагдсан Үндсэн хуулийн үзэл баримтлал нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Улсын Их Хурлаас 1993 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийг батлан гаргажээ.

Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоо мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тэмдэглэн хэлэв.

Тэрбээр дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн  прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох,  Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэх,  албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан Прокурорын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан гэлээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах боломжтой байхаар, түүнчлэн прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар шинээр тусгаж, туслах прокурор, туслах ажилтан, дүүргийн прокурор зэрэг зарим ойлгомжгүй нэр томъёог  шинээр тусгахдаа туслах прокурор нь зөвхөн Улсын ерөнхий прокурорын газарт байхаар зохицуулалтыг тусгаж өгсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ