Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг засварлахыг үүрэг болголоо
2017.04.04
Зам, Тээвэр

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг засварлахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.04.04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг хэсэгчилж засварлахыг үүрэг болголоо

Тавантолгой-Гашуунсухайтын боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Өнгөрсөн жил энэ авто замаар нийт 16.3 сая тонн нүүрс тээвэрлэж, 31.33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Гэвч  замын эвдрэл, гэмтлээс шалтгаалж 2016 онд 200 гаруй осол, зөрчил гарч, зам, тээврийн ослоор 3 хүний амь нас эрсэдсэн байна.

Замын эвдрэл, гэмтэл нь нүүрсний тээврийн хөдөлгөөний эрчмээс гадна нэг тэнхэгт ногдох даацыг стандартаас хэтрүүлснээс үүдэлтэй юм.  Өмнө нь энэ замаар хоногт дунджаар 150-250 тээврийн хэрэгсэл тээвэр хийдэг байсан бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч эрэлт нэмэгдсэнтэй холбогдон 1000 гаруй тээврийн хэрэгсэл зорчих болжээ. Хэдийгээр замын засвар, арчлалтыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа ч, Гашуунсухайт чиглэлийн буюу ачаалалтай талын зорчих хэсэгт эвдрэл, хагарал ихээр гарч, замын тэгш бус байдал алдагдсан тул засварлах зайлшгүй шаардлага байгааг салбарын сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Хуралдаанаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын хөдөлгөөний бүр хаахгүйгээр хэсэгчилж засварлахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат автозамын хэсэгчилсэн засварын ажилд хэд хэдэн компанийг зэрэг оруулж, энэ оны 10 дугаар сар гэхэд дуусгах, зам засварын үеэр Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд өмнө нь ашиглаж байгаад хаагдсан сайжруулсан шороон замаар нэг ч тээврийн тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байхад хатуу хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон холбогдох албаныханд үүрэг болголоо.

Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-гаар тогтоов

Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн нийт хэмжээг 3025 га байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо. Ингэхдээ геологийн тогтоц, ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэг, эрлийн шалгуур шинж тэмдэг, ашигт малтмалын хүдэржилт байж болох талбай, уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүтээн байгуулалт хийх газар зэргийг харгалзан үзжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий 16 ордоос Эрдэнэтийн овооны зэс-молибдений, Гацууртын алтны үндсэн ордуудын талбайн хил заагийг тогтоохоор өнгөрсөн сард газар дээр нь ажилласан байна. 

Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Сентерра Гоулд” компани эзэмшдэг бөгөөд алтны баттай, бодитой болон боломжтой нөөцийг 50 тонноор улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ.

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн мандал сумын нутагт орших бөгөөд Улаанбаатар хотоос 180 км, Бороогийн алтны үндсэн ордоос 45 км-т байдаг юм.

Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд 150 мянга орчим хэрэглэгч хамрагджээ

Эрчим хүчний салбарын харьяа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн өвлийн их ачааллыг амжилттай давсныг салбарын сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Мөн ирэх өвлийн бэлтгэл ажлыг одооноос хангаж ажиллахыг салбарын сайдад даалгав.

Хүйтний эрч эрс нэмэгдэж, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, үндсэн болон туслах тоноглолуудад үзлэг, шалгалт хийн, бэлэн байдлаа ханган ажиллажээ. Улаанбаатар хотын удаан жилийн насжилттай, шугам хоолойны хана нимгэрч муудсан дулааны найман магистраль шугам, Дарханы төв магистраль шугам сүлжээнд гарсан гэмтлийг шуурхайн засч хэвийн горимд оруулсан байна.

Засгийн газар “Багануур”, “Шивээ овоо” компанид 20 тэрбум төгрөгийн төсвийн зээлийг ондоо багтаан эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосноор нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангахад томоохон дэмжлэг болсон байна.

Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас  нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифыг хөнгөлсөн юм. Засгийн газрын энэ шийдвэрийн хэрэгжилтэд нийт 150 мянган орчим хэрэглэгч хамрагдаж,  шөнийн тарифт тоолууртай 108 мянган хэрэглэгч 100 хувийн, 40 орчим мянган хэрэглэгч 50 хувийн үнэ тарифын хөнгөлөлт эдэлжээ.

Манай улс өнөөдрийн байдлаар дотоодын эх үүсвэрүүдээс 3063,0 сая кВт.цаг, импортоор 657,0 сая кВт.цагийн эрчим хүч хэрэглэж байгаа юм.

Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтыг дүнг танилцууллаа

Монгол, Канадын Дугуй ширээний долдугаар уулзалт Канад улсын Оттава хотноо өнгөрсөн сард болсон юм. Уулзалтын дүнгийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд  танилцуулж, хэлэлцүүллээ.

Уулзалтын үеэр талууд улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлаа дүгнэн, цаашдын төлөвөө тодорхойлсон байна. Уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ