Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэж өгөв
2017.03.21
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэж өгөв

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр (2017.03.21) Их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, албаны бусад хүмүүс оролцов.

Мөн нийслэлийн болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Цагдаагийн ерөнхий газрын үе үеийн дарга нар байлцлаа.

Ёслолын ажиллагааны эхэнд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын Төрийн далбаа, Цагдаагийн албаны байлдааны туганд хүндэтгэл үзүүлсэн юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр нээж үг хэлэв.

Тэрбээр хэлэхдээ, 1993 онд Цагдаагийн байгууллагын тухай анхны хууль батлагдаж, байгууллагын чиг үүрэг, тогтолцоо, алба хаагчдын эрх зүйн байдлыг хуульчилж өгснөөр түүхэн үүргээ бодитойгоор хэрэгжүүлж чадсаныг тэмдэглээд “Өнөөдөр бидэнд гардуулан өгч байгаа Цагдаагийн албаны тухай шинэчлэн найруулсан хууль нь ард иргэдээсээ тавих хяналтыг нэмэгдүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд олон нийт, цагдаагийн албаны ажиллагааг ойртуулан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай, шийдвэр гаргах эрхийг тодорхой болгож, алба хаагчдын нийгэм, эрх зүйн баталгааг хангаж өгснөөрөө онцлог юм” гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлж, цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлээд Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод гардуулж өгөв. 

Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөрд гардуулснаар цагдаагийн алба хаагчид шинээр тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэллээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Замын цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургууль, Тусгай ажиллагааны газар болон Нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс зэрэг Улаанбаатар цагдаагийн хүрээний алба хаагчид оролцов.

Ёслолын төгсгөлд Тугийн салааны бүрэлдэхүүн жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Цагдаагийн албаны байлдааны туг, Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Ёслол, хүндэтгэлийн танхимд заллаа.

 

ШИНЭ МЭДЭЭ