Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.01.20
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Бямбацогт: Харьцангуй бага зардлаар улсын онц чухал обьектийг хамгаалах боломж бүрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Дотоод цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Монгол Улсад анх 1922 онд дотоодын цэрэг үүсгэн байгуулагдаж, улсын чухал обьектийн харуул, хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олзогсод болон хоригдлуудыг хуяглан хүргэх, төр засгийн шийдвэрээр улс оронд гарсан үймээн, самууныг таслан зогсоох үүргийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн удирдлагад 1990 оноос татан буугдах хүртлээ гүйцэтгэж байсан.

Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хүчингүй болгож, дотоодын цэргийн чиг үүргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Дотоодын цэргийн байгууллагыг татан буулгаснаар дотоодын аливаа үймээн самууны үед цагдаагийн байгууллагын хүч, хэрэгсэл, хүрэлцэхгүй тохиолдолд Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний дотоодын үймээн самуун, зэвсэгт бослогыг дарахад ашиглах тусгай зохицуулалтыг бий болгосон байдаг.

Энэ нь Зэвсэгт хүчний эх орноо хамгаалах үндсэн чиг үүргээс гажсан, хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах өндөр эрсдэлтэй, Зэвсэгт хүчнийг дотоодын тэмцэлд ашиглах боломжийг нээж, олон улсын тавцанд улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй болохыг харж болно.

Улсын онц, чухал обьектууд, тухайлбал Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэр, гүний худгууд, усан сангийн хамгаалалтад хоног тутамд нэг ахлагчаар хамгаалуулахаар хамгаалалтыг зохион байгуулж байгаа нь обьектийн найдвартай байдал хангагдахгүйгээс гадна харуулын аюулгүй байдал алдагдаж, аюул осол үүсэх эрсдлийг дагуулж байна.

Дотоодын цэргийг татан буулгахаас өмнө хугацаат цэргийн албан хаагчдыг хамгаалалтын ажилд татан оролцуулснаар тэдгээрийн хүчийг обьектуудад тараан байршуулах, хамгаалалтыг сайжруулах боломжтой төдийгүй офицер, ахлагч нараар хамгаалуулахаас бага зардлаар шийдвэрлэж байсан байна.

Дотоодын үймээн самуун, эмх замбаарагүй байдал болон бусад аюул ослыг шатлан өргөжихөөс сэргийлэх, таслан зогсоох, иргэд, төрийн байгууллага, түүний өмч хөрөнгө, обьектийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уг арга ажиллагааны тусгай тактик бүхий бэлтгэгдсэн, удирдлага зохион байгуулалтын хувьд аливаа нөхцөл байдал, аюул осолд шуурхай хариу өгч чадахуйц, байнгын бэлтгэл сургуулилттай мэргэшсэн бүрэлдэхүүнээр хохирол багатай гүйцэтгүүлэх, төрийн болон иргэдийн нийгмийн эрх ашгийг хамгаалах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг боловсрууллаа.

Түүнчлэн УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс бодлогын баримт бичгийн 7,1 дэх хэсэгт “Төрийн цэргийн байгууллага нь тайван цагт хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэнэ“ гэж, 7,3 дахь хэсэгт “Тайван цагт хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн хүлээх чиг үүргийг хуулиар тогтооно” гэж заасан нь уг хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл болж байна.

Хуулийн төсөл нь Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Монгол Улсын батлан хамгаалах тухай болон Зэвсэгт хүчний тухай хуулиар тогтоосон төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх, эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн албан хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох, нэгдмэл байх зарчимд нийцэж байгаа болно.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 22-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 17-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Хууль санаачлагч нь дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц бүрэлдэхүүнтэй байгуулан, түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал обьектийг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, аймшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагыг үндсэн Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Л.Ганболд, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд нар Дотоодын цэргийн тухай хуулийг төслийг Цагдаагийн албаны тухай шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулах, хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсгэхгүй байхаар зохицуулах, бусад хуулиас иш татсан зарим заалтыг хуулийн төсөлд тодорхой тусгах, хариуцлагын заалтыг нарийвчлан зааж өгөх, дотоодын цэргийг бизнесийн үйл ажиллагаанд оруулж үндсэн ажлаа орхигдуулахгүй байх, Цагдаагийн газрын даргыг томилохдоо орон нутгийн Засаг захиргаатай зөвшилцддөг байдлыг эргэн харах, мөн хуулийн төсөлд тусгагдсан Тахарын албаны чиг үүргийг дтотоодын цэргийн чиг үүрэгт шилжүүлсэн болохыг хэлэлцүүлгийн явцад анхаарах нь зүйтэй гэж үзсэн.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь Дотооодын цэргийн хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ нэг гишүүнээр ахлуулахаар шийдвэрлэлээ. Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. 

ШИНЭ МЭДЭЭ