УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт
2017.01.13
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Торгох шийтгэл ногдуулах нэгжийг 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болголоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн төслөө танилцуулсан илтгэл тавьсан юм. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

"Зөрчлийн тухай хуулийг нэг мөр ойлгох, хууль ёсны зарчимд илүү нийцүүлэх, практикт хэрэгжихүйц байх нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулахад хуулийн 50 хувиас дээш хувь хөндөгдсөн учраас ийнхүү шинэчлэн боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 706 заалтаас 647 заалтыг нь засч залруулсан болно.

Хуулийн төсөлд уг хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээ, хийдэл, зөрчлийг арилгах зохицуулалтуудыг тусгахдаа  Хуульд заасан зарим хоёрдмол утга бүхий ойлгомжгүй нэр томьёо, найруулгыг залруулсан.

Зөрчил үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд холбогдох нөлөөллийн арга хэмжээг илүү үр дүнтэй болгох зорилгоор зөрчил үйлдсэн 16-18 насны хүний хувийн байдал, зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болох тухай зохицуулалтыг нэмлээ.

Түүнчлэн хэт өндөр торгуультай байгаа нь зөрчил гаргасан иргэдийн зүгээс  торгууль төлөхгүй, шийтгэл гарцаагүй байх зарчмыг алдагдуулж, авилга, хээл хахуулийг өөгшүүлэх, төр “шийтгэл” нэрээр төсөв бүрдүүлдэг гэх хандлагыг дэвэргэж байна.

Иймд торгох шийтгэл оногдуулах нэгжийг тодорхойлох хэмжээг 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгож, шийтгэл гарцаагүй байх, хэлбэрэлтгүй байх зарчмыг хангахаар тооцлоо.

Ийнхүү торгох шийтгэлийн нэгжийн хэмжээг бууруулснаар торгуулийн хэмжээг нийтэд нь багасгаагүй бөгөөд үүнтэй уялдуулан зөрчлүүдэд оногдуулах торгох шийтгэлийн нэгжийн тоог өсгөсөн /20 нэгжтэй тэнцэх байсныг 40 болгож нэмсэн г.м./ болно.

Уг хуулийн төсөлтэй уялдуулан холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсрууллаа. 

ШИНЭ МЭДЭЭ