УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт
2017.01.13
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Хуулиа унш л даа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хуулийн төсөлд хэд хэдэн уян хатан зохицуулалт орсон, НҮБ-ын загвар хуульд нийцсэн хуулийн төсөл батлагдсанаар ямар ахиц, үр дүн гарах талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүд тайлбар өглөө. 

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийн агуулгыг мушгиж байна. Арбитраар шийдсэн асуудлыг шүүхээр давхар шийдүүлэх хэрэггүй гэж байсан мөртлөө одоо болохоор арбитраар шийдсэнээс шүүхээр шийдэх ёстой гэх юм.

Хуулиа унш л даа. Бид олон улсын жишигт нийцсэн Арбитрын хуультай болохыг зорьж байна. Хэрэв НҮБ-ын загвар хуульд нийцүүлсэн энэхүү хуулийн төслийг батлачих юм бол гадаад улсын Арбитрт хандахгүй шаардлагагүй, Монгол Улсынхаа арбитрт хандах боломжтой болно. Ингэхийн тулд л уг хуулийн төслийг санаачлан боловсруулж, батлуулахаар ажиллаж байна.

Өмнө нь асуудлыг ихэвчлэн шүүхээр шийдвэрлүүлдэг байсан бол арбитраар шийдүүлэх боломжийг нээж өгч байна. Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандах эрх нь нээлттэй. Ийм төрлийн уян хатан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. 

ШИНЭ МЭДЭЭ