Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийг өөрчилнө
2016.12.27
Эрүүл мэнд

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийг өөрчилнө

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.26/ Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүллээ. 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1-д “...архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдпаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон этгээдийг цагдаагийн алба хаагч эмнэлгийн байгууллага (цаашид "эрүүлжүүлэх байр" гэх)-д хүлээлгэн өгнө...” гэж заасан нь иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нийтлэг эрх ашгийг хөндөж байна хэмээн үзсэн байна. 
Эмнэлэгт хүргэгдэн ирж байгаа согтуу иргэд эмнэлгийн байгууллагын дотоод журмыг ноцтойгоор зөрчих, халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулах, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг эвдэх, бусад үйлчлүүлэгчийн амгалан тайван байдлыг алдагдуулан тэдний эрхийг зөрчих, эмч, эмнэлгийн ажилтны аюулгүй байдалд эрсдэл учруулах, эрүүл мэндийн байгууллагад гэмт хэрэг гарах нөхцлийг үүсгэж байгаагаас үүдэн хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, оновчтой болгох шаардлага үүсчээ. Иймд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.  
Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн хэв журмыг сахиулах хуулийн зорилт бодит утгаар хэрэгжиж, эрүүл мэндийн байгууллагын зохиомол ачаалал буурч тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт эерэгээр нөлөөлнө хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ