ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ИЛГЭЭЛТ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ
2016.12.10
Хүний эрх

ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ИЛГЭЭЛТ

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь ардчилсан нийгмийн хөгжлийн тулгуур, эрх зүйт төрийн үндсэн үүрэг билээ.

Эдүгээгээс 68 жилийн өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан түүхтэй. Бүх нийтийн аюулгүй байдал энх тайвны үндэс болохыг тунхаглаж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалсан энэ баримт бичиг шударга ёсны хэрэм цайз, тэгш эрхийн суурь хэм хэмжээ болж байдаг.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэдийн оролцоог хангасан, мэргэшсэн тогтвортой засаглал төлөвшүүлнэ гэж заасан. Тэгвэл тэрхүү  тогтвортой хөгжлийн засаглалыг бүтээх хүч нь  монголчууд бид өөрсдөө юм.  Эрх зүйт төрийг эрхээ мэддэг, үүргээ биелүүлдэг, хуулиа дээдэлдэг иргэд л бүрэн төгс байгуулж чадна.

Ийм иргэн төлөвшихийн нэг үндэс нь бүх нийтийн эрх зүйн боловсрол гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөх боллоо. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ” гэж заасан зорилтыг хэрэгжүүлэх ажил эхнээсээ бодит биелэлээ олж, иргэддээ эрх зүйн боловсрол олгох хөтөлбөрийг тэдний оролцоотой боловсруулах олон нийтийн хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байна. 

Үнэнийг ологч хууль иргэндээ үйлчилдэг, хууль дээдлэх зарчмыг чанд мөрддөг, шийдвэр гаргахад бүх талын оролцоог хангахын төлөө бид ажиллах болно. Эрхээ мэддэг хүн эрх чөлөөтэй байж, үүргээ биелүүлдэг хүн айдас хүйдэсгүй амьдарч чадна. Энэ жил олон улсын хүний эрхийн өдрийг дэлхий нийтээрээ “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэж байна. Та бид ч бас энэ эрхэм үйлсэд нэгэн их цутгал болж монгол хүн бүрийн эрхийн төлөө, бүх нийтээрээ эрх зүйн хувьд боловсорсон улс үндэстэн болохын төлөө хичээн зүтгэцгээе.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН  ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ

ШИНЭ МЭДЭЭ