2016.12.20
Хууль, эрх зүй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэлэлцүүлэг хийлээ

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.

Хэлэлцүүлгийг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үг хэлэхдээ “Нийгмийн харилцаа өөрчлөгдснөөр эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргаан байнга гарч байна. Өдөр тутам нийгэм хувьсан өөрчлөгдөж байгаа болохоор шинэ харилцаа үүссээр байдаг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндэрчихлээ гэж ярьдаг. Үүнийхээ шалтаг, шалтгааныг байгалийн баялгийн үнэ ханштай холбож тайлбарладаг.

Гэтэл төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой асуудал нэлээдгүй бий. Тиймээс Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэр дундаа бизнесийн орчинтой холбоотой хуулийг боловсронгуй болгохоос гадна тогтвортой мөрдөх шаардлагатай байна.

С.Бямбацогт: Хууль бүх иргэдэд тэгш үйлчилдэг зарчмыг мөрдөхөд анхаарч ажиллах ёстой

Энэ зорилтоо Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд суулгаж өгсөн байгаа” гэв. Уг хэлэлцүүлгээр “Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуульд хяналтын шатны чиг үүргийг тодорхой болгох нь”,“Анхан шатны шүүхэд мэтгэлцэх эрхийг хангахад тулгамдаж буй асуудал”, “Иргэний процессын  шуурхай, тодорхой байдлыг хангах асуудлууд”,”Иргэний зарим хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо”, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцоход гарч буй хүндрэл”, “Хариуцагчийн эрэн сурвалжлах шийдвэрийг гүйцэтгэхэд гардаг бэрхшээл” зэрэг сэдэвт илтгэлүүдийг тавьсан юм.

ШИНЭ МЭДЭЭ