Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
2016.12.19
Хууль, эрх зүй

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2016.12.16/ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хуульд заасан аргачлал, журмыг батлах зэргээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болгосон билээ.

Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцыг хангахад ач холбогдолтой хууль болсон байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах явцад практикт тулгарсан хүндрэл бэрхшээл, сургалтад хамрагдсан албан хаагчдын санал, хүсэлт зэргийг нэгтгэн дүгнэж хуулийг хэрэгжүүлэхэд тулгараад байгаа зарим асуудлыг шийдвэрлэж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс  Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ.

ШИНЭ МЭДЭЭ