С.Бямбацогт: Хуулийн төслийг буцаана гэвэл оффшорчдын толгойг илж байгаа хэрэг болно
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2016.12.08
Улстөр

С.Бямбацогт: Хуулийн төслийг буцаана гэвэл оффшорчдын толгойг илж байгаа хэрэг болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг хуулийн төслийг буцаах тухай яригдаад байгаа энэ үед УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт УИХ-аас гарсан ажлын хэсгээс яагаад буцаах болсон шалтгаан, нөхцлийг тодруулан асуусан юм. 

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

"Өнгөрсөн хугацаанд оффшор бүстэй холбоотой хэд хэдэн асуудал үүссэн. Оффшор гэхээр л “хадны мангаа” гэж ойлгодог болоод байна. Өнөөдрийг хүртэл хууль эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэн. Үүнээс болж нэг хэсэг хуулийн цоорхой ашиглаж хождог, нөгөө хэсэг нь хохирдог байдалтай байна. Цаашлаад Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нь багассан. Тиймээс оффшор бүстэй холбоотой асуудлыг хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр хуулийн төсөл боловсруулсан.

Хуулийн хүрээнд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй этгээдүүд оффшор бүсэд хөрөнгөө байршуулж болно.

Харин төрийн болон улстөрийн сонгогддог, томилогддог албан тушаалтнууд ямар тохиолдолд оффшор бүс буюу гадаад улсад данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхдээ оффшор бүсийг ашиглаж байгаа тохиолдол олон байна. Тухайлбал, Оюу толгой, М-Си-Эс группийн Энержи Ресурс ХХК, Хүннү коал зэрэг олон компани оффшор бүсээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсад 1990 оноос хойш 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 10 тэрбум ам.доллар нь оффшор бүсийнх бөгөөд манай улсын эдийн засагт тодорхой өгөөжөө өгч байгаа гэхэд болно. Тиймээс хуулийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаанд оффшор бүс гэдэг ойлголт чөлөөтэй хэвээрээ байг.

Улстөрч, төрийн захиргааны албан тушаалтнууд хуулиар олгогдсон эрхээ хязгаарлуулж, тэдэнд хариуцлага тооцдог байх үүднээс уг хуулийн төслийг оруулж ирсэн. Гэтэл буцаах тухай ярьж байна. Буцаалаа гэхэд оффшорчдыг толгойг илсэн болчих вий дээ. Оффшор бүсэд данс эзэмшиж, мөнгөн хөрөнгө байршуулж, хуулийн этгээд үүсгэн байгуулж болохгүй албан тушаалтнууднуудын жагсаалтыг хэлэлцүүлгийн явцад гаргаж болно шүү дээ.

39200 албан тушаалтан хуулийн төсөлд хамрагдаж байгааг 14000 болгож цөөлөх тухай ярьж байна. Ингэж цөөлөх бүрэн боломжтой.

Тухайн албан тушаалтны гэр бүл уг хуулийн үйлчлэлд давхар хамрагдах ёстой гэж байна. Ингэж хамруулж болно. Болохгүй зүйл байхгүй. Үндсэн хуульд, “Хэн нэгний гэм буруу, ял зэмийг бусдад халдаан хэрэглэж болохгүй” гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу Засгийн газар хуулийн төсөл өргөн барьсан.

Хэрэв гэр бүлийн гишүүдийн нэр дээр хөрөнгөө нуун дарагдуулсан, оффшор бүсэд данс эзэмшсэн байвал тэртэй, тэргүй өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд зааснаар бүлэглэн, үгсэн хуйвалдаж хөрөнгө нуун дарагдуулсан, хөрөнгөжсөн гэсэн зүйл ангиар хариуцлага хүлээдэг.

Харин уг хуулийн төсөлд  улстөрийн болон төрийн албан тушаалтнуудыг онцлон хориглох зохицуулалт оруулж өгсөн нь хариуцлагыг улам чангатгаж байгаа хэрэг юм. Энэ талаас нь харж болсонгүй юу?

Яагаад оффшор бүс буюу гадаад улсад гэж тодорхойлсон бэ? гэсэн асуудал тавьж байна. “Гадаад улсад” гэж тодотгохгүй бол оффшорын тухай ойлголт олон янз.

Тухайлбал, Олон улсын валютын сан, Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд оффшор бүсийг янз бүрээр тодорхойлж байна.

Дэлхий нийтэд оффшор бүсийн тухай нэгдсэн ойлголт, тодорхойлолт алга байна. ОХУ, БНХАУ, Герман улс оффшор бүс биш гадаад улсад данстай бол... гэсэн зүйл заалттай хууль баталсан. Дэлхий нийт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн ойлголт байхгүй байгаа учраас “Гадаад улсад данс эзэмшиж...” гэж оруулж өгсөн."

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ш.Раднаасэд:

Хувийн хэвшлийг хамаатуулах ёсгүй гэж ярьж байна. Энэ асуудлыг байнгын хорооны хуралдаан дээр ч тэр, ажлын хэсэг дээр ч тэр яриагүй. Угаасаа хувийн хэвшлийг уг хуулийн төсөлд хамаатуулах ёсгүй. Төрийн албан хаагч гэж хязгаарлах нь зүйтэй гэдэгт санал нэг байна. Тиймээс Хувийн хэвшлийг хамаатуулах ёстой гэсэн үндэслэлээр уг хуулийн төслийг буцаах шалтгаан болоогүй гэдгийг онцлон хэлье.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын 14 тэрбум ам.долларын 10,4 тэрбум нь оффшор бүсийнх байсан учраас шууд гадаадын хөрөнгө оруулалтыг татъя гэвэл хувийн хэвшлийг уг хуулийн төсөлд хамаатуулахгүй гэдэгт гишүүд санал нэг байна.

Төрийн албан тушаалтнуудын гэр бүлийг хамаатуулах уу, үгүй юу гэдгийг их ярьж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд ч бас адил тайлбар хэлж байна. Үндсэн хуульд “Хэн нэгний гэм буруу, ял зэмийг бусдад халдаан хэрэглэж болохгүй” гэж заасныг хэрэглээд байна. Энэ хуулийн төсөл нь хэн нэгний гэм буруутай нь тогтоогдсоны дараа хариуцлага хүлээлгэх үзэл санаа агуулаагүй.

Харин гэм буруутан болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулах шаардлага урган гарсан. Гэр бүлийн  гишүүд оффшор бүсэд данстай, мөнгөн хөрөнгө байршуулдаг, хуулийн этгээд байгуулсан бол түүнийгээ мэдүүлээд явахад буруудах зүйл байхгүй. Тиймээс хууль санаачлагч энэ мэт асуудалд байр сууриа өөрчлөх хэрэгтэй байх.

Оффшор бүс, оффшор үйлчилгээ гэсэн хоёр ойлголт байгааг холиод байна. Оффшор бүс гэдэг нь тодорхой нутаг дэвсгэрт байгуулагдсан банк, санхүүгийн байгууллага, оффшор үйлчилгээ гэдэг нь оффшор бүсэд татварын хөнгөлөлт эдлэх хэлбэрээр данс эзэмших, ашиглах тухай ойлголт юм. 

Бид нэг зүйл дээр санал нэг байна. Төрийн албан хаагч оффшор бүсэд данс эзэмшиж болохгүй. Хувийн хэвшилд ажиллаж байгаад төрийн албанд орж байгаа бол оффшор бүсэд эзэмшдэг дансаа ил тод мэдээлж, хуулийн хугацаанд дансаа хаах зэргээр зохицуул гэсэн санаа шүү дээ.

Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэрэггүй гээд буцаах шийдвэр гаргаагүй гэж бодож байна. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж санал өгсөн. Гэхдээ хуулийн зохицуулалтыг улам сайжруулах нь зүйтэй гэсэн санал гарч, дэмжигдсэн гэдгийг хэлье.

 

ШИНЭ МЭДЭЭ