МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Бямбацогт: Явуургүй зүйлээр улстөр хийх хэрэггүй
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт
2016.12.02
Улстөр

С.Бямбацогт: Явуургүй зүйлээр улстөр хийх хэрэггүй

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтоос зарим асуултад хариулт авлаа. Тухайлбал, түүний хувь  эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авснаас гадна Хилийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтиин хүрээнд хууль бус зүйл хийх гэж байна гэх мэт түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд гараад байгаа юм.

-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн ойрын өдрүүдэд олны анхааралд байна. Харин тус банкнаас зээл авсан хүмүүсийн 60 гаруй хувь нь МАН-ын гишүүд байсан гэх мэдээллийг сөрөг хүчний зүгээс хийгээд байгаа. Тэр дунд таны нэр дуулдана лээ. Таны хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас зээл авсан нь үнэн юм уу, тийм бол хэчнээн төгрөгийн зээлийг ямар зориулалтаар авсан бэ?

Хоёрын хооронд явуургүй зүйлээр улс төр хийх хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Хөгжлийн банкнаас миний бие болон гэр бүлийн маань гишүүд, миний хувь эзэмшдэг компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй. Өнгөрсөн онд Хөгжлийн банкийг шалгах үеэр ийм яриа гарсан юм.

Тухайн үед би АТГ болон нийслэлийн Прокурорын газар, Хөгжлийн банкинд хандаад “Надтай холбоотой зээлийн асуудал байгаа эсэх, хууль бусаар ямар нэгэн байдлаар албан тушаал, эрх мэдлээ буруугаар ашигласан зүйл байна уу, шалгаж өгөөч" гэж хандсан.

Ингэхэд Хөгжлийн банкнаас “Тантай холбоотой ямар ч зээл алга” гэсэн бичгийг албан ёсоор ирүүлсэн. АТГ, нийслэлийн прокуророос ч “Танд хэрэг үүсгэх боломж алга, учир нь хууль зөрчсөн зүйл алга” гэсэн бичгийг ирүүлсэн. Эдгээр бичгийг та бүхэн авч танилцаж болно. Хэрвээ би асуудалтай байсан бол өдийд ингээд чимээгүй явж байх уу.

Та бүхний мэдэж байгаачлан өнгөрсөн дөрвөн жил би сөрөг хүчний бүлгийн даргаар ажилласан. Тэр үед эрх баригч намын нөхөд маань аль хэдийнэ асуудал үүсгээд шонд өлгөөд шоронд оруулчихсан байгаа шүү дээ. Тиймээс ямар ч асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

-Гэхдээ сайдаа, бизнесийн байгууллагууд Хөгжлийн банкнаас зээл авч болно биз дээ. Үүнийг яагаад улс төржүүлээд байгаа юм бэ?

Харин тийм, их харамсалтай байгаа юм л даа. Жишээлбэл, оффшортой холбоотойгоор бизнесийн байгууллагууд оффшор бүсэд хувьцаа эзэмшиж болно. Харин улстөрчид болон улс төрийн, нийтийн албан тушаалтнууд болохгүй. Үүнийг хориглож буюу хязгаарлаж өгч байгаа.

Түүнтэй адил бизнес эрхэлж байгаа байгууллагууд Хөгжлийн банк болон бусад банкнаас зээлээ аваад үйл ажиллагаагаа өргөжүүлээд ажлын байр бий болгож баялаг бүтээгээд улсынхаа төсөвт орлого оруулж байвал бидэнд л хэрэгтэй шүү дээ. Харин хууль зөрчиж, хулгай хийсэн зүйл байвал хуулийн дагуу хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр зээл авах нь буруу, муухай юм шиг яриад байна л даа.

Хөгжлийн банкнаас зээл авсан 2000-аад аж ахуйн нэгжийг буруутгаад байх шаардлагагүй.
-Ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргасан ч хэлэлцүүлэх боломжгүй байгаад байна л даа. Цаашдаа завсарлага гэх мэтийн тээг саад байсаар л байх юм биш биз дээ?

Өнгөрсөн есдүгээр сард ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад аравдугаар сарын эхээр Засгийн газарт дүгнэлтээ танилцуулсан. Тэндээс тэмдэглэлээр шийдвэр гарсан. Уг шийдвэртээ Хөгжлийн банктай холбоотой 1.3 их наядын санхүүгийн асуудлыг АТГ болон хууль хяналтын байгууллагад өгч шалгуулъя гэж шийдээд одоо шалгуулж байна. Харин яамдад хэрэгжсэн олон төсөл хөтөлбөрийн талаар ярьж байгаа.

“Гудамж” төслөөс авахуулаад зам барих, эрчим хүчний шугам сүлжээний гэх мэт ажил бий. Эдгээрийн төсөвт өртөг нь зөв байсан эсэхийг шалгах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2012 онд 1.5 км замыг 500 саяар барьдаг байсан бол өнгөрсөн хугацаанд Хөгжпийн банкны санхүүжилтээр нэг км замыг 1-2 тэрбум төгрөгөөр барьдаг болсон гэх асуудлыг ярьж байгаа. Энэ нь үнэхээр хууль ёсны байсан уу, төсөвт өртгийг нь зохиомлоор нэмсэн үү гэдгийг тогтоох хэрэгтэй.

Холбогдох яамд нь дэргэдээ хуулийн хэлтэстэй байгаа, барилга захиалагчийн албууд нь ч байгаа. Тэдгээр нь шалгаад асуудалтай байвал хууль хяналтын байгууллагад нь шалгуул гэдэг тэмдэглэлийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байгаа. Нэгэнт энэ асуудал олон нийтийн анхааралд орчихсон учраас зөвхөн Засгийн газрын төвшинд биш УИХ дээр танилцуулах үүрэг өгсөн учраас манай дэд сайд УИХ дээр танилцуулах гэж байна. Өнгөрсөн мягмар гаригт хамтарсан байнгын хорооны хуралдаанаар танилцуулах байсан ч АН-ын бүлэг завсарлага авчихаад байна.

-Хилийн тухай хуулийг өөрчилснөөр хилийн зурвас орчмын уул уурхайн ордуудыг ашиглах гэж байна. Тухайлбал, Талын мэлтэс ордыг ашиглахын тулд хууль өөрчлөх гэж байна гээд байна л даа. Та үүнд тайлбар өгнө үү?

Бас л худал мэдээлэл. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд хилийн зурвас 15, хилийн бүс 100 км байгаа. Хилийн тухай хуулийг 1993 онд баталсан байдаг. 23 жилийн дараа шинэчилсэн найруулга хийх гэж байна.

Энэ хуульд хил орчмын нутаг дэвсгэр гээд зөвхөн 100 км-т хязгаарлахгүй, ерөөсөө хил орчмын 70-аад сумыг хил орчмын нутаг дэвсгэр гэж тодорхойлж өгч байгаа юм.

Энд үйл ажиллагаа явуулах эсэхийг нь тодорхой хуулиар зохицуулна. Хилийн зурвас нь хуучнаараа буюу 15 км-ээрээ байгаа. Энд үйл ажиллагаа явуулахаар бол Хил хамгаалах байгууллагын зөвшөөрлийг авах ёстой. Өмнө нь ч ийм байсан.одоо ч ийм л байгаа. Харин Талын мэлтэс гэдэг орд бол Засгийн газрын эрх мэдлээс давсан асуудал. Учир нь төрийн тусгай хамгаалалттай газар нутаг гэж бий. Тэнд үйл ажиллагаа явуулах буюу үйл ажиллагаа явуулах эсэхийг зөвхөн УИХ шийддэг. Ингээд үзвэл Талын мэлтэс их говийн дархан цаазат газарт байдаг.

Гэтэл тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж, ашигт малтмал олборлох гээд байна гэдэг байдлаар мушгин гуйвуулаад байна л да. Дээрээс нь хил хамгаалах байгууллага гээд Монгол Улсын үзэл баримтлал, батлан хамгаалахын үзэл баримтлалд багтчихсан нэр томьёог хилийн цагдаа болгох гэж байна гэж мушгиж яриад байгаа нь бас л харамсалтай байгаа юм. Ийм байдлаар асуудлыг албаар мушгиж ярих шаардлагагүй гэдгийг хэлье.

ШИНЭ МЭДЭЭ