МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болговол яасан юм гэх саналыг Ц.Нямдорж гаргасан
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт
2016.11.28
Хууль, эрх зүй

С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болговол яасан юм гэх саналыг Ц.Нямдорж гаргасан

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.

-Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Хилийн цэргийг хилийн цагдаа болгох тухай яриа гарсанд хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна?

Хуульд энэ тухай тусгагдаагүй. УИХ-ын гишүүд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж асуулт асууж, саналаа хэлж байна. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хилийн цэргийг хилийн цагдаа болговол яасан юм гэсэн санал хэлсэн. Мөн Ж.Энхбаяр гишүүн яагаад хил хамгаалах байгууллага, хилчин гээд байгаа юм, хилийн цэрэг гэж нэрлэж болохгүй юу гэсэн санал хэлсэн. Хуулийн төсөлд хилчин гэсэн нэр томьёоллоор явж байгаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын 2002 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан "Төрөөс хилийн талаар баримтлах бодлого”, түүнчлэн УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс”-т заасны дагуу тайван цагт хилийн цэрэг нь бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн бүтэц, чиг үүргийг хуулиар тогтоохоор заасны хүрээнд хуулийн төсөл боловсруулагдсан байгаа. Ийм учраас хилийн цэрэг, хил хамгаалах байгууллага гэсэн томьёолол хуулийн төсөлд хэрэглэгдсэн байгаа. Гишүүдийн хэлсэн үгэн дээр дөрөөлж, тухайн үг нь хуулийн төсөлд байгаа мэтээр тайлбарлах, мушгих, гуйвуулах шаардлага байх ёсгүй.

-Хилийн бүс, хилийн нутаг дэвсгэр гэх мэтчилэн цөөнгүй өөрчлөлтүүд байна. Хилийн бүсийн өргөнийг 100 км байсныг 15 км болгочихлоо гэдэгт хүмүүс их эмзэглэж байна?

Хилийн бүс, хилийн зурвас, хилийн шугам, хил орчмын нутаг дэвсгэр гэх мэт олон томьёолол байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Хилийн тухай хуульд хилийн бүсийн өргөнийг 100 хүртэл км-ээр тогтоохоор заасан байдаг. Хилийн бүсэд иргэд орохдоо зөвшөөрөл авдаг, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа эрхлэхдээ хяналт дор ажилладаг гэхчилэн нэлээдгүй хүндрэлүүд байсан.

Иймээс хилийн бүс гэдэг нэр томьёог хасч хил залгаа улстай хиллэж байгаа сумуудын нутаг дэвсгэрийг хил орчмын нутаг дэвсгэр гэж томьёолж тусгасан байгаа. Манай улсын 21 аймгийн 14 нь хилийн нутаг дэвсгэр дээр, 70 орчим сум хилийн бүсэд байрлаж байна. Хуулийн төсөлд хил орчмын нутаг дэвсгэрт 70 орчим сумаа хамааруулахаар тусгасан байгаа.

Хилийн зурвас гэдгийг хилийн шугамаас 15 км хүртэлх радиуст байрлах нутаг дэвсгэрийг хамааруулж, энэ зурваст Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч, Хилийн тухай болон бусад хууль тогтоомжоор хориглосноос бусад ажил, үйлдвэрлэл явуулдаг зохицуулалтыг хэвээр хадгалж байгаа юм.

Ингэж нэг талаасаа аж ахуйн нэгжүүдэд хил орчмын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах боломжийг нээлттэй болгоё, нөгөө талаас тодорхой нутаг дэвсгэрт хатуу хараа хяналттай болгоё гэж энэ өөрчлөлтийг тусгасан юм. Үүнийг 100 км байсныг 15 км болгочихлоо гэж мушгих шаардлагагүй.

-Хил орчимд уул уурхай эрхлэх зөвшөөрлийг олгож эхлэх нь гэх хардлага байна?

Өмнө нь хилийн шугамаас 100 км доторх радиуст уул уурхай эрхлэх боломжтой байсан. Гагцхүү зөвшөөрөл авдаг байсан юм. Одоо ч гэсэн хэвээрээ л байна. Урьд нь хориглосон байсан зүйлийг одоо нээж өгч байна гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл урьд нь ч хориглоогүй байсан. Тодорхой зорилго, бодлогоор ташаа ойлголт төрүүлэх шаардлагагүй гэж хэлмээр байна.

-Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг та ахалж байгаа?

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг судалж, санал дүгнэлтээ Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болсон. Ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат бид хоёр хариуцаж ажиллахаар болсон.

Монгол ардын намын болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол ард түмнээсээ асууж байж шийднэ гэж заасан. Үндсэн хууль батлагдаад 24 жил өнгөрч байгаа. Энэ хугацаанд Үндсэн хуулийн алдаа оноо, давуу, сул талын тухай ард иргэд маань тодорхой ойлголттой болсон. Үндсэн хуульд өмнө нь ч өөрчлөлт оруулж байсан. Тухайлбал, 2000 онд дордуулсан долоон өөрчлөлт гэж бас ярьдаг өөрчлөлт орж байсан.

Эдгээрээс авахуулаад засч залруулах зүйл байна гэж 2008 оноос хойш байнга ярьж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хэрхэн оруулах талаарх журмын тухай хууль баталсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нэлээн босго, шалгууртай болсон. Үндсэн хуулийг УИХ-ын 57 гишүүн буюу гуравны хоёроос дээш саналаар өөрчлөх ёстой гэх мэт нэлээд өндөр босготой хууль юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна уу үгүй юу гэдгийг судлах ёстой. Засаглалын тогтолцоо зөв байна уу буруу байна уу эрх мэдлийн хуваарилалт оновчтой байгаа эсэх гэх мэт шийдвэрлэх олон асуудал байна.

-Та хувь гишүүнийхээ хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үздэг үү?

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна гэж үздэг Төрийн тогтолцоо асуудалтай эрх мэдлийн хуваарилалт оновчтой бус байна гэдгийг мэдэж, мэдэрч байна. Тиймээс зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Төрийн бодлого, төрийн тогтолцоо зөв байж төр улсаа төвхнүүлэх, ард иргэдээ сайн сайхан амьдруулах нөхцөл бололцоо бүрдэнэ шүү дээ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг маань аль болох ойрын үедээ буюу энэ намрын чуулгандаа багтаагаад Үндсэн хуульд ийм байдлаар нэмэлт өөрчлөлт хийвэл ямар вэ гэдэг санал дүгнэлтээ УИХ, Засгийн газарт танилцуулах байх. Магадгүй УИХ-аас ажлын хэсэг гарч болно. Энэ тохиолдолд УИХ, Засгийн газар хамтраад ажиллаж болно.

ШИНЭ МЭДЭЭ