УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
2016.11.24
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Сумын Засаг даргаас УИХ хүртэл 1400 орчим тусгай зөвшөөрөл олгож байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэллээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

"Уг хөтөлбөрийн 2,3,7 дахь хэсэгт, “Төрөөс бизнес эрхлэгчдэд олгож буй тусгай зөвшөөрлийн тоог 3 дахин цөөрүүлж, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, хууль, хяналтын байгууллагын давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгана” гэж заасан ажлын хэсгийн саналыг дэмжиж байна.

2006 онд тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлье гэж бичиг цаас урж хаяж байсан юм. 2012-2016 оны парламентаар тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх асуудлаар холбогдох хуулийн төслүүд гаргаж байсан. Харамсалтай нь бодит байдалд хэрэгжихгүй байна.

Төрийн албан хаагчид хянана, шалгана, асуудал гаргаж ирнэ, асуудлаар нь дарамтална, айлган сүрдүүлдэг байдалтай байна. Тиймээс ч Засгийн газраас ажлын хэсэг томилогдон, хөрөнгө оруулагчдад хууль бусаар дарамт, шахалт үзүүлж байгаа хууль, хяналтын байгууллагуудыг шалгаж үзсэн.

Шалгалтын үр дүнд тулгуурлан Засгийн газар шийдвэр гаргасан. Тодорхой хуулиуд өөрчлөлт оруулна. Төрийн захиргааны байгууллагуудын хууль бус дарамт, шахалтыг багасгана.

Зөвшөөрснөөс бусдыг хориглодог биш, хориглосноос бусдыг зөвшөөрдөг тогтолцоо руу шилжих нь зүйтэй. 

Сумын Засаг даргаас эхлээд УИХ хүртэлх шат шатны төрийн байгууллагууд 1400 орчим тусгай зөвшөөрөл олгож байна. Тусгай зөвшөөрлийн цаана шан харамж, авлига, хээл хахууль, хүнд суртал байна.

Тийм учраас сумын Засаг даргаас эхэлдэг энэ мэт хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх хэрэгтэй. 1400 орчим тусгай зөвшөөрөл олгож байгааг 3 дахин цөөрүүлэх бололцоотой.

Үүнтэй уялдсан хуулийн төслийг УИХ-ын гишүүд санаачлан, боловсруулж байна. Ирэх оны эхээр “Зөвшөөрлийн тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барина." 

ШИНЭ МЭДЭЭ